Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд тус хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЭНД дарж уншина уу.
-ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСАН МАРГААН НЬ ОНЦ ХҮНДРЭЛТЭЙ, ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АСУУДАЛ ТУЛ ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫГ ХУРАЛДУУЛЖ БАЙНА ГЭВ-
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ 09.30 цагт хуралдаж уг асуудлыг нээлттэй хэлэлцэх гэж байна. Цэцээс гаргасан албан ёсны мэдээлэлд, "Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа" гэв.
-ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЭЦСИЙНХ БАЙНА-
Уг хуралдааны нээлтийн илтгэл болон шийдвэрийг нээлттэй дамжуулах юм байна. Харин УИХ-ын төлөөлөгчөөр П.Сайнзориг нарын гишүүд ажиллах аж. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд шууд хэрэгжих эрх зүйн зохицуулалттай. Хэрвээ УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газрыг огцруулсан тогтоол хүчингүй болох юм.
Өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн оролцох бөгөөд дээрх гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилдог билээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгалан, гишүүнээр Л.Өлзийсайхан, Ц.Цолмон, Э.Эрдэнэтуяа, Р.Батрагчаа, Б.Болдбаатар, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар ажиллаж байна.