Улсын заан Б.Бат-Өлзий: Спортын нас богино, аз од гийсэн залуу насандаа түрүүлсэн 2021 оны наадмын цолыг минь өгөөгүйд сэтгэл дундуур байдаг

Улсын заан Б.Бат-Өлзий: Спортын нас богино, аз од гийсэн залуу насандаа түрүүлсэн 2021 оны наадмын цолыг минь өгөөгүйд сэтгэл дундуур байдаг

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий бол энэ цаг үеийн үндэсний бөхийн нэгэн чухал дүр. Түүнийг бяр тэнхээтэй, байгалийн өгөгдөл сайтай төрмөл бөх хэмээн тодорхойлдог. Дээр нь түүний ёс суртахуун, жудаг, даруу төлөв байдал гээд олон зүйл нь түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээдэг. Өдгөө Улсын арслан цолны эрэмбэтэй заан гэж үнэлэгддэг Б.Бат-Өлзийтэй өнгөрсөн бямба гарагт /2025.10.18/ болсон “Хүч ба Аз” чансаа өндөр 64 бөхийн барилдааны өмнө цөөн хором ярилцсан юм.

ВИДЕО:

"НАМАЙГ ДАВСАН БӨХӨӨ САЙН БАРИЛДААСАЙ ГЭЖ БОДДОГ"

-Юуны өмнө урилгыг минь хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа. Тэгэхээр зуны баяр наадмууд дуусаж, заалны барилдаан эхэлсэн байна. Таны хувьд өнгөрсөн зун бэлтгэл сургуулилтаа хаана хийсэн бэ. Өнгөрсөн зун хаана, хаана зодоглов. Санасандаа хүрч чадав уу?

-Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ Монгол Улсын дархан аварга А.Сүхбат багшийн удирдлага дор, өөрийнх нь бэлтгэлийн бааз дээр хийлээ. Нутгийнхаа дүү нартай бэлтгэлээ сайхан хийсэн. Үндэсний их баяр наадамд шөвгөрч, түрүү бөх Э.Батмагнай дүүтэй долоогийн даваанд тунан барилдаж, өвдөг шороодсон. Наадмын дараа Өндөр гэгээний даншиг наадамд мөн шөвгөрч, Улсын арслан Э.Батмагнайтай дахин таарч, унасан. Мөн Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд үзүүрлэсэн байна. Энэ мэт олон сайхан баяр наадамд барилдлаа. Энэ зуны баяр наадмууд сайхан болж өндөрлөлөө.

-Шинэ арслан Э.Батмагнайтай хоёр ч удаа учраа таарлаа. Гэхдээ Улсын их баяр наадмаар та Э.Батмагнай арсланд унах үедээ түрүүлээрэй хэмээн ерөөсөн байсан.

-Тийм ээ. Намайг давсан бөхөө сайн барилдаасай гэж боддог. Спорт ялж, ялагддаг шүү дээ. Э.Батмагнайд уначхаад орж явахад хэвлэлүүд ярилцлага авсан. Тухайн үеийн эмоциороо бас амны билгээрээ “намайг давсан бөх маань түрүүлээсэй” гэж хэлсэн. Сайхан ч түрүүлсэн. Би их бэлгэшээсэн.

-Улсын арслан Э.Батмагнай энэ жил өөр байсан уу. Хоёр ч удаа учраа таарлаа. Та шинэ арслангийн талаар юу гэж бодож байв.

-Тухайн жил од нь гийсэн бөх гэж байдаг. Уул ус, нутаг, өвөг дээдэс түшиж байгаа. Энэ жил яах араггүй төрийн наадмын түрүү бөхтэй таарч унасан.

-Наадам бол тухайн жилийн хүч, хөдөлмөрөө гаргах чухал өдөр. Тэр үед сэтгэлзүй их чухал байх. Таны хувьд олон жил барилдсан туршлагатай бөх. Тэгэхээр сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдээд сурчихсан байдаг болов уу. Энэ жил ямар байв.

-Үндэсний их баяр наадмаар бүтэн жилийн хөдөлмөр гэж ярьж байгаа боловч бөхөөр хичээллэсэн өнгөрсөн цаг хугацаагаа харуулах, амьдралаа шийдэх мөч дээр тулдаг. Энгийн хүнээр бол мэргэжлээ сонгодог ЭЕШ гэсэн үг юм. Тэгэхээр хүн л юм хойно их, бага хэмжээгээр стрестдэг. Яах бол гэж бодогдоно. Тиймээс өөрийгөө эртнээс заал, танхимын барилдаанд туршдаг. Олон жил барилдахаар харьцангуй өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэж сурч байна.

"2021 ОНЫ НААДМААС ХОЙШ АЗ, ОД ХАРЬСАН МЭТ САНАГДДАГ "

-Таныг Улсын арслан цолны эрэмбэтэй заан гэж ярьдаг. Таны 2021 оны наадмын түрүү цолтой холбоотой асуудал гарсаар ирсэн. Тухайн үед Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил байсан. Тухайн байгууллага анх бөхийн барилдааны зар мэдээлэл хүргэхдээ цол өгөхгүй гэж байсан юм уу?

-Ардын хувьсгалын 100 жилийн ой буюу түүхэн ойн жил байсан. Дэлхий нийтээрээ цар тахал гээд цаг үе амаргүй байсан. Олимп хүртэл нэг жил хойшилсон шүү дээ. Тухайн үед “Nonaadam” зэрэг олон асуудал үүсэж байлаа. Ингээд долдугаар сарын 11, 12-нд Үндэсний их баяр наадмаа хийж чадаагүй. Гэхдээ 21 аймаг, 330 сумд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан тэр жилдээ багтаан наадмаа хийсэн. Улмаар ковидын шинжилгээ, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бүх аймаг, сум бөхийн барилдаанаа хийгээд ямартай ч цолыг нь олгосон байдаг. Хурдан морины уралдааныг бүсдээ хуваагаад уралдуулж, цолыг нь мөн л гардуулсан. Тэр жилийн 512 бөхийн барилдааны гол зорилго бол Үндэсний их баяр наадмаа таслахгүй байх байсан. Өнгөрсөн 100 жилийн түүхэнд хүнд цаг үед ч наадам тасалж байсан удаа байхгүй юм билээ. Тэгээд тус 512 бөхийн барилдаан эхний өдрөө нэг болон хоёрын даваа болсон. Ер нь төрийн их баяр наадмын дэг, жаягаар болсон. Шөвгөрсөн бөхчүүдээс хамгийн залуу начиндаа уламжлал ёсоор даагаа ч бэлэглэж байсан. Нэршил нь жаахан өөр болчихсон юм. Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ой гэж байсан юм. Гэхдээ нэр чухал биш. Харин наадмаа таслахгүй байх нь чухал байлаа.

Тухайн үед Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаан бол түүхэнд байгаагүй чансаа өндөртэй бөхийн барилдаан болсон байдаг. Аймгийн начин цолтой бөхчүүд хасагдсан байдаг. Яг бөхийн барилдааны үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас цол олгох юм уу гэдгийг олон удаа тодруулсан. Тухайн үедээ бол цол олгоно хэмээн зар тарааж байсан юм. Гэтэл түүнээс хойш өгнө, өгөхгүй гэсээр таван жилийн нүүрийг үзэж байна.

-Өгнө, өгөхгүй гэдэг маргаан үүсэх шалтгаан бол хууль байгаа шүү дээ.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу бол Есөн хөл цагаан тугаа залж, долдугаар сарын 11, 12-нд цолыг нь олгох ёстой юм билээ. Гэхдээ тухайн үед тийм боломж байгаагүй шүү дээ. Гол нь анх зар тараахдаа цол олгоно гэж байсан юм. Маш сайн санадаг юм. Тухайн үед Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав над руу залгаж, зар дуулгаж байлаа. Цол олгох бөхийн барилдаан болох гэж байна дүү орох уу гэж асууж байлаа.

-Та энэ асуудалд сэтгэл дундуур байдаг уу?

-Хүн л юм хойно сэтгэл дундуур байдгаа нуухгүй. Ганц миний асуудал биш шүү дээ. 512 бөхөөс цолны болзол хангасан 16 бөх бий. Тэр бүгдийн ээж, аав, хань, үр хүүхэд, найз нөхөд, дэмжигч компани, үндэсний бөхдөө хайртай ард түмэн бүгд л өгчхөөсэй хэмээн боддог байх. Тухайн үед би Улсын харцага цолтой байсан. Ирэх жилийнх нь наадамд Улсын заан цол авсан. Бас нэг аз, од гэж юм байна. Монгол эрэгтэй хүн 10-15 жил барилддаг. Их спортын нас богино. Спорт бол залуу насных. Бас нөгөө талд азтай одтой жил гэж байна шүү дээ. Би тэр жил бол яах аргагүй бэлтгэл сургуулилт сайн байсан. Түүхэн 100 жилийнхээ ойд түрүүлэх зорилго тавиад сайхан барилдсан. Түүнээс хойш аз, од харих ч гэх юм уу тийм юм байдаг гэж боддог. Энэ цолыг надад олгоход буруудах юм байхгүй гэж бодож явдаг. Тухайн үеийн цолны болзол хангасан 16 бөх цолоо авчих юм сан гэж жаахан явж үзсэн. Гэхдээ Монгол төрөө хүндэлнэ. Нөгөө талд бөх хүн жудагтай байх хэрэгтэй шүү дээ. Бөх хүний жудаг зааж чимээгүй байдаг.

"БӨХ БОЛОХОД НУТАГ УСНЫ ОНЦЛОГ, ЭЭЖ ААВЫН ГЕН, БУЯН ЗАЯА БАЙДАГ ГЭЖ БОДДОГ"

-Таныг төрмөл бөх гэж их ярьдаг. Ер нь төрмөл байгалийн өгөгдөлтэй бөх ялгардаг уу?

-Монгол эрчүүдээс бөх болж төрнө гэдэг бол бүгд л арай илүү өгөгдөлтэй гэсэн үг. Бас нөгөө талд сонирхол. Байгалийн өгөгдөлтэй ч хөдөлмөрлөхгүй байвал мэдээж нэмэргүй. Байгалийн өгөгдөл, хөдөлмөр хоёрыг хос морь шиг авч явах ёстой. Байгаль, нутаг усны онцлог, ээж аавын ген, буян заяа байдаг гэж боддог. Нөгөө талд малч аж ахуй барилдахад их нөлөөтэй гэж боддог. Хар багаасаа өглөө эрт босож, тугал бяруу татах, хадлан бордоо бэлдэх, ус авах гээд энэ бүгд их чухал байсан санагддаг. Орчин үед хотод байранд амьдарч байгаа хүүхдүүд бол бүх юм нь бэлэн байна шүү дээ.

"ЭНЭ САЙХАН ЦОЛ, НЭР ХҮНДИЙГ ДААЖ ЯВНА ГЭДЭГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА"

-Та нэг ярилцлагадаа би бөх болоогүй байсан бол малчин байх байсан гэж хэлсэн байсан. Тэр талаараа хуваалцаач.

-Би 2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуульд сурахаар хотод ирж байлаа. Тухайн үед 16 настай байлаа. Тэгээд шантраад нэг жил сумандаа очиж мал хариулж байлаа. Манай ах дүү, аав ээж, өвөг дээдэс бүгд сайхан малчин хүмүүс бий. Тэгээд сурлага талдаа гоц сайн хүү байгаагүй учир малчин болох байсан болов уу гэж боддог. Малч аж ахуйдаа ч хайртай.

-Таныг жудагтай, ёс зүйтэй сайхан бөх хэмээн үзэгч түмэн чинь хүндэлдэг. Ер нь жудагтай бөх гэж ямар бөхийг хэлээд байна вэ?

-Жудагтай сайхан бөхчүүд зөндөө бий. Жудаг гэдгийг би хэнийг ч гэсэн хүндэлж, мэндлэхээс эхэлдэг гэж боддог. Энэ бол хувь хүний өссөн орчин, гэрийн хүмүүжлээс шалтгаалж байна. Хүн гэрийн хүмүүжлээрээ л явдаг юм байна гэж боддог. Нөгөө талд оюутан ахуйн багш нарын хүмүүжил чухал. Ер нь спорт хүнийг их хүмүүжүүлдэг. Ялна, ялагдана, бэртэж, гэмтэнэ. Тэр бүгдээс боловсорч, хүмүүждэг. Тэр дундаа бөх хүн бол тэмээнээс тэмдэгтэй. Олны нүдэн дээр, хайр хүндлэлд байдаг. Ард түмэн, төр түмэн минь байж бидэнд энэ сайхан аймаг, улсын цолыг олгож байгаа. Энэ сайхан цол, нэр хүндийг дааж явна гэдэг үүрэг, хариуцлага гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө