Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Асуудал–Шийдэл" уулзалтаа Эрдэнэдалай суманд хийжээ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Асуудал–Шийдэл" уулзалтаа Эрдэнэдалай суманд хийжээ

Орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, тэдний дуу хоолойг сонсох, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны "Асуудал–Шийдэл" уулзалтыг энэ сарын 09-ий өдөр Эрдэнэдалай суманд зохион байгууллаа.

Уулзалтад 250 гаруй иргэн оролцож, төрийн байгууллагын үйлчилгээ авсан бөгөөд Газрын харилцааны чиглэлээр 76, Улсын бүртгэлийн чиглэлээр 78, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 471 иргэн, нийтдээ 625 иргэнд төрийн үйлчилгээг шууд хүргэсэн байна. Иргэд уулзалтын үеэр мал аж ахуй, боловсрол, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлэв.

Тухайлбал, махны үйлдвэр байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын вакцинжуулалт, угаалга зохион байгуулах, оготоны устгал хийх, малын чанар, тоо толгойд анхаарах, мал эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг онцлов. Мөн сумын төвийн болон тэнхлэгийн зам, дутуу үлдсэн хэсгүүдийг бүрэн ашиглалтад оруулах, ашиглах боломжгүй болсон орон сууцыг шинэчлэх, ундны усны чанарыг сайжруулах, төрийн хүнд суртлыг арилгах зэрэг асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг хөндөв.