Сүүлийн жилүүдэд иргэд цахимаар үйлдэгдэх луйвар болон бусад төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болох нь жил тутам нэмэгдэж буй. Луйврын арга улам нарийсаж байгааг албанийнхан анхааруулсаар ирсэн ч статистик, тоо буурахгүй хэвээр байна.
Тухайлбал, өчигдөр /2025.10.21/ гэхэд сайжруулсан шахмал түлш их хэмжээгээр борлуулна гэх зараар хоногт 12 иргэн луйвардуулжээ. Тэгвэл энэ удаа иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хоёр иргэнтэй ярилцлаа. Тэд луйвардуулсан тохиолдолд цаг алдалгүй маш хурдан ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандах нь чухал гэдгийг хохирогчид болон албанийнхан анхааруулж байна.
ВИДЕО:
"УТСААР ЯРИУЛАХ ХООРОНД БАНК БУСААС ЗЭЭЛ АВААД ШИЛЖҮҮЛЧИХНЭ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ"
-Таны хувьд ямар төрлийн залилангийн хохирогч болсон бэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын 4 юм уу 5-ны өдөр таксинд явж байгаад санаандгүй залилангийн хохирогч болсон. Шөнө 21-22 цагийн үед таксинд явж байгаад Хорооллын зам дагуу хоёр залууг суулгасан юм. Тэд миний үеийн л залуус байсан. Хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэл явахаар болж, бид хөдөлсөн. Энэ үед нэг залуу нь утсаараа нэг яриулаач гэж гуйсан. Ингээд миний утсаар нэг дугаар руу залгаж, чанга яригч дээр нь тавьсан. Дуудаж байгаа дуу нь сонсогдож байсан. Тэр үед нөгөө залуу би утсаа авах хүртэл нь залгачихъя гэсэн юм. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр ирэх үед нэг мөсөн Саппоро оръё гэж хэлсэн. Тэр хооронд түгжрэлгүй байсан учир маш хурдан явсан. Ингээд таксины төлбөрт бэлэн мөнгө өгөөд буусан. Яг тэр үед миний данснаас 500 мянган төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Тэр үед би залилангийн хохирогч болсноо ойлгож, шууд цагдаагийн байгууллагат хандсан.
-Таны данснаас 500 мянган төгрөгийг хэрхэн авсан юм бол.
-Би маш хурдан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандсан учир хариу арга хэмжээг маш хурдан авсан юм. Миний данснаас шилжүүлсэн 500 мянган төгрөгийг шууд барилт хийчихсэн байсан. Тэр хоёр залуугийн хувьд миний утсаар “Токи” банк бусаас зээл авч, өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Ингэхдээ миний мейл хаягийг ашиглан код авч, нэвтэрсэн юм билээ.
-Яг тухайн үйл явдал болох үед өөрийн тань утсыг хэдий хэр хугацаанд авсан бол?
-Тэр орой түгжрэлгүй байсан учир 20-30 минут л болсон байх. Ер нь маш богино хугацаанд миний утсыг авсан. Нэг хүн рүү залгачхаад давхар өөр юм хийгээд л яваад байсан болж таарсан.
-Таны хувьд хурдан, шуурхай цагдаагийн байгууллагат хандсан учир мөнгөө олж, авч чадсан юм байна?
-Тийм ээ. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хурдан хандсан учир дансыг нь барилт хийсэн. Энэ талаар ч цагдаагийн байгууллагаас надад хэлж, танилцуулсан. Данс эзэмшигчийг нь олох гэж бага зэрэг цаг хугацаа алдсанаас биш хариу арга хэмжээг маш хурдан авсан байсан.
-Та иргэдэд сэрэмжлүүлэг болгож юуг анхааруулах вэ?
-Би өөрийнхөө гар утсыг мэдэхгүй хүнд ашиглуулсан нь маш буруу. Ер нь аль нэг төрлийн залилангийн хохирогч болсон бол цаг алдалгүй Цагдаагийн байгууллагат хандах нь чухал гэдгийг л хэлэхийг хүсэж байна.
"5-10 МИНУТЫН ХУГАЦАА АЛДЧИХ ЮМ БОЛ ОЛОХОД ХЭЦҮҮ БОЛДОГ ЮМ БАЙНА"
-Таны хувьд түгээмэл гардаг цахим гэмт хэргийн хохирогч болсон юм байна. Юу болсон талаар хэлж өгөөч. Хэзээ цахим залиланд өртсөнөө мэдсэн бэ?
-Надад тохиолдсон цахим залилан бол өнгөрсөн сарын 15-ны үеэр болсон. Ажлаа тараад орой 19 цагийн үед гэртээ фейсбүүк ухаад хэвтэж байсан. Тэр үед миний багын найз над руу чат бичиж таарсан. Ойр зуурын юм ярилцаад таван минут орчим чат бичсэн. Энэ үед тэр найз маань 1.8 сая төгрөг зээлэхийг хүссэн. Нэг зээлээ хаагаад цагийн дараа өгнө гэсэн юм. Найздаа итгээд шилжүүлэх үед өөр хүний данс байсан. Би мэдээж лавлаж асуусан. Найз маань зээл хаах хүний данс байгаа юм. Зүгээр шилжүүл, шилжүүл гэж хэлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хэдхэн хормын дараа найз маань залгасан. Мөнгийг нь шилжүүлчихсэн шүү гэж хэлтэл “би фейсбүүкээ дөнгөж сая хакердуулчихлаа мөнгө гуйвал битгий өгөөрэй” гэж хэлсэн. Энэ үед өөрийгөө цахим залилангийн хохирогч болсноо ойлгосон.
-Таны хувьд ямар хариу арга хэмжээ авсан бэ. Хэзээ цагдаагийн байгууллагат хандсан бэ?
-Би шууд 102-руу залгасан. Миний гомдлыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн. Тэгээд миний шилжүүлсэн 1.8 сая төгрөгийг царцаасан байсан. Хурдан шуурхай цагдаагийн байгууллагат мэдээлсний үр дүнд хариу арга хэмжээ хурдан авч, мөнгөө олж авч чадсан.
-Цахим залилангийн онцлог бол маш сайн судалдаг бөгөөд ялгагдахгүй ижилхэн хэв маягаар бичдэг гэдэг. Тухайн үед яг найз шиг тань чат бичиж байсан уу?
-Тийм. Яг л манай найзын чат бичдэг хэв маяг байсан. Үг, үсэг гээд бичгийн хэв маяг нь хүртэл яг ижилхэн. Мэдээж хакердсан юм чинь өмнөх чатыг нь уншсан байх. Ялгах боломжгүй байсан.
-Таныг дуудлага өгснөөс хойш таны хэргийг хэр удаан шийдвэрлэсэн бэ?
- 10 хоногийн хугацаа л өнгөрсөн байна. Миний ойлгосноор бол цагдаагийн байгууллагат хандах хугацаа маш чухал юм байна. Энэ төрлийн хэрэгт гэхэд 5-10 минутын хугацаа алдчих юм бол олоход хэцүү болдог юм байна. Мөнгө шилжүүлнэ гэдэг өөрөө хэдхэн секундийн асуудал шүү дээ. Яг тэр даруйд нь дуудлага, мэдээлэл өгвөл хохирлоо хурдан, шуурхай барагдуулах боломжтой юм байна.
-Та иргэдэд сэрэмжлүүлэг болгон юуг хэлэх вэ?
-Иргэдэд хандаж хэлэхэд фейсбүүкээр мөнгө шилжүүлдэг асуудал дээр хянуур хандах хэрэгтэй юм байна. Тэтгэлэг зэрэг урилга их ирдэг шүү дээ. Хэрэв мөнгө шилжүүлэх, мөнгө гуйсан бол заавал баталгаажуулах ёстой. Цаашлаад гэр бүл, эхнэр, нөхөр зэргээс нь утсаар тодруулах хэрэгтэй юм байна.