Д.Амарбаясгалан Төрийн ордон дахь УИХ-ын даргын албан өрөөг хүлээлгэн өгчээ

Д.Амарбаясгалан Төрийн ордон дахь УИХ-ын даргын албан өрөөг хүлээлгэн өгчээ

"Нүүрсний хулгай"-н хэрэгт нэр холбогдсон Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж, түүнийг нь УИХ-аар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.10.17/ хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Ингэснээр монголын парламент УИХ-ын даргагүй тав хонож байна. МАН-ынхан УИХ-ын даргын томилгоог яаралтай хийхээр дотооддоо ярилцаж буй бөгөөд дараагийн даргыг МАН-ын бүлгээс санал болгож УИХ-аар хэлэлцүүлнэ. Тэр болтол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар үүргийг нь гүйцэтгэх юм.

Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д, УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно, мөн хуулийн 24.2-т, "УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж заасан байдаг билээ. Тэгвэл Д.Амарбаясгалан түүнийг чөлөөлөх УИХ-ын шийдвэр гарсны дараа Төрийн ордны гурван давхрын баруун урд жигүүрт байрлах УИХ-ын даргын албан өрөөгөө тэр дор нь хүлээлгэн өгсөн байна. Мөн түүний төрийн тусгай хамгаалалтын зэрэглэл бууж, Их тэнгэр дахь байрнаас ч нүүсэн гэх мэдээлэл байна.