Л.Гэрэлтсаран: Ерөнхийлөгчийн олгодог "Илгээлтийн эзэн" тэтгэлэг Австралид сурах мөрөөдлийг минь биелүүлэх гэж байна /ВИДЕО/

Л.Гэрэлтсаран: Ерөнхийлөгчийн олгодог "Илгээлтийн эзэн" тэтгэлэг Австралид сурах мөрөөдлийг минь биелүүлэх гэж байна /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2025.02.06/ Төрийн ордонд “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 21 аймаг, 365 сумын төлөөлөл болсон сурагчдад захиа, даалгавар гардууллаа. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 761 оюутан 19 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа юм. Тэгвэл энэхүү тэтгэлэгт шалгарсан Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн төгсөгч Л.Гэрэлтсаран болон түүний ээж Ц.Ариунаа нартай бид ярилцлаа.

ВИДЕО:

Юуны өмнө “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт тэнцсэнд нь баяр хүргэе. Энэ талаарх мэдээг чамд хэзээ анх дуулгасан бэ?

-Сая ээжийнхээ оёж өгсөн дээлээр гоёод Ерөнхийлөгчтэйгээ уулзаад илгээлтээ гардаж авлаа. Үнэхээр сайхан байна. Энэ тухай мэдээг анх ээжид минь сургуулийн захирал дуулгасан. Тухайн үед захирал ээж рүү залгаад “Баяр хүргэе, охин нь Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэн байна” гэж хэлсэн. Тэр үед би гадуур ажилтай байсан тул ээж над руу утсаар ярьж хэлж байсан. Ер нь бол маш их баярласан.

Гэр бүлийнхэн нь энэхүү мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

Аав маань нэг их уйлдаггүй хүн л дээ. Тэр мэдээг сонсоод нулимс дуслуулж байгааг нь анх харсан. Тэгээд л аав минь надаар бахархаад хамаатнууддаа хэлсэн. Хамаатнууд дундаасаа хамгийн анх удаа тэтгэлэг аваад сургуульд сурч байгаа хүн болохоор бүгд бахархсан харцаар харах үеийн тэр мэдрэмж хамгийн гоё байсан.

Ээж Ц.Ариунаа: Ерөнхийлөгчийн тэтгэлэг гэдэг ер нь санаанд багтахгүй, тэр өндөрт байдаг юм шиг л санагддаг байсан. Гэтэл миний хүүхэд тэрийг аваад ирсэн гэхээр үнэхээр их баярласан. Тэнгэрээс “од” шүүрэх шиг л болсон.

Энэ тэтгэлгийн тухай анх яаж мэдээлэл авч байсан бэ?

Би арваннэгдүгээр ангидаа энэ тэтгэлгийн тухай анх сонсож байсан. Тэгээд энэ тэтгэлгийг заавал авна гэж өөртөө зорилго тавьж, маш их хичээсэн.

Тэтгэлэгт хамрагдана гэдэг бол хүүхэд бүрийн мөрөөдөл. Чиний хувьд энэ тэтгэлэгт хамрагдахын тулд хэр их хичээл зүтгэл гаргасан бэ?

Хамгийн гол нь англи хэлээ л сайн бэлдсэн. Гадагшаа явж сурах юм чинь гээд энэ тэтгэлэгт тэнцээгүй байсан ч гэсэн гадагшаа явж сурахыг мөрөөдөж байсан болохоор англи хэлээ л сайн бэлдсэн. Би нийт дөрвөн хичээлээр ЭЕШ өгсөн. Монгол хэл, Нийгэм, Математик, Англи хэл гэсэн дөрвөн хичээлээр өгсөн. Хичээлүүд дээрээ бүгдэд нь 650-аас дээш оноо авсан.

Хэрвээ энэ тэтгэлэгийг авч чадаагүй байсан бол гадаадад сургуульд сурах мөрөөдлөө биелүүлж чадах байсан уу?

Ер нь бол гадагшаа явж сурахад мөнгө  их ордог. Хүн бүхэн гадаадын том сургуулийн төлбөрийг төлж чадахгүй. Аав ээж хоёр маань тэтгэврийн насны хүмүүс. Тэгэхээр санхүүгийн тал дээр нилээн том асуудал үүсэх байсан.

Ээж Ц.Ариунаа: Хүүхдээ Ерөнхийлөгчийн тэтгэлэг авахад ээж аав хоёр нь үнэн сэтгэлээсээ баярласан. Яагаад гэхээр бид хоёр чинь хоёулаа тэтгэвэртээ гарсан хүмүүс. Хэрэв Ерөнхийлөгчийн тэтгэлэг байгаагүй байсан бол тэр их мөнгийг хаанаас бид хоёр олох билээ. Тэтгэврийн зээл аваад ч барахгүй шүү дээ.

Аль улсын ямар сургуульд суралцахыг хүсч байна вэ?

Австрали болон Англи улсын их сургуулиуд руу upload хийнэ гэж бодож байгаа. Австрали улсын Мельбурны их сургууль, Сиднейн их сургуульд сурахыг хүсч байна.

Ерөнхийлөгчөөс захиа, даалгавар авах мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Ер нь жаахан огшсон. Аавынхаа нэрийг Төрийн ордонд дуудуулж байна гэхээр миний хувьд аягүй том хүндтэй зүйл байсан. Ерөнхийлөгчтэй нүүр тулаад уулзлаа. Зурагтаар харагддаг шиг л хүн байсан.

Ерөнхийлөгч чамд юу гэж хэлсэн бэ?

Ерөнхийлөгч хэлэхдээ “Хаашаа явах гэж байгаа вэ, миний охин” гэсэн. Би “Австрали улс руу явна” гэсэн чинь “Маш гоё улс шүү дээ. Монголдоо ирээд монголоо сайн хөгжүүлээрэй” гэсэн.

Ерөнхийлөгчийн тэтгэлэгт ямар ямар төлбөрүүд багтдаг вэ?

Энэ тэтгэлэг бол хүн бүхэнд тэгш бололцоо олгож байгаа юм болов уу гэж би харж байгаа. Энд тэнцэж байгаа сурагчид ямар нэгэн арын хаалга ч юм уу, азаар тэнцээгүй. Өөрсдийнхөө потенциаль, хичээл зүтгэлээр тэнцсэн. Тийм болохоор энэхүү тэтгэлгийг санаачилсан хүмүүст “Баярлалаа” гэж хэлмээр байна. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, сар бүрийн стипент багтдаг. Аль улс гэдгээс хамаарч 200-400 долларын стипент авдаг гэсэн. Монголд бас нэг жил хэлний бэлтгэлд сургадаг юм байна. Би одоо МУИС-ийн дотуур байранд амьдраад, МУИС-д хэлний бэлтгэлээ хийж байгаа. Түүний төлбөрийг бас хариуцаж байгаа.

Энэ их мөнгийг улсаас төлүүлээд сурч байгаа нь бидний хувьд маш том боломж. Үүнийгээ дагаад маш их хариуцлага үүрч байна. Олон хүмүүсийн итгэлийг тээгээд татвар төлөгчдийн мөнгөөр явах байгаа болохоор “Маш сайн сурна”, “Заавал эргэж ирээд эх орноо хөгжүүлнэ” гэсэн үүрэг, зорилго тээгээд явж байна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсч, мөрөөдөж байгаа мянга мянган сурагчдад хандаж юу гэж хэлэх вэ?

Ахлах ангийн болон төгсөх ангийн сурагчдад “Өөртөө итгээрэй” гэж хэлмээр байна. Хэрэв чи өөртөө итгэх юм бол хүн бүхэнд боломж ирдэг. Бас өөртөө итгэсэн хүн бүгдийг чаддаг гэж хэлмээр байна.

Таны хувьд охиндоо хандаж юу хэлэх вэ?

"Охиндоо баярлалаа. Миний охин мундаг шүү. Чи чадна аа" гэж хэлмээр байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө