УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийн зүгээс энэ долоо хоногт зохион байгуулж байгаа дөрвөн хэлэлцүүлгээр өнөөдрийн байгаа татварын тогтолцооны алдаа, оноог ярилцаж юуг нь өөрчлөх вэ гэдэг саналуудыг авна гэсэн үг. Саналууд гарсны дараа бид хуулийн төсөлд орох нэмэлт өөрчлөлтүүдээ тусгана. Ингээд 2-р сарын дундуур D парламент дээр тавьж иргэдээс хуулийн төсөл дээрээ нээлттэй санал авна. Өнөөдрийн хэлэлцүүлгүүд бол манай татварын тогтолцоо юун дээрээ болохгүй байна гэдэг асуудлуудыг иргэд, ААН-үүдээс сонсоно гэсэн үг. Олон улсын байгууллагуудын хийсэн томоохон судалгаанууд байдаг. Татварын тогтолцоо болохгүй байна гэж үзэж байгаа үндсэн шалтгаан нь ихэнх оронд Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлогоо гаргаж ирдэг, хөгжлийн төлөвлөгөөгөө гаргадаг. Сангийн яам бол татвараа цуглуулах ажил дээр ажилладаг.
Яагаад ийм тогтолцоотой байдаг вэ гэхээр Сангийн яам зөвхөн татварын бодлогоо бариад яваад байхаар зөвхөн төсөв бүрдүүлэх талаас нь татварыг харж бодлого гаргадаг. Тэрнээс үүдээд эдийн засгийн аль салбаруудаа дэмжих ёстой юм. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ яаж дэмжих юм. Орлогоор нь яаж ялгах вэ гэдэг асуудлууд дээрээ хайнга хандаад байдаг.
Жишээлбэл өнөөдөр: 900 мянган төгрөгийн цалинтай хүн үндсэндээ бараг 30 хувийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өгч байгаа. 10 хувь нь хүн амын орлогын албан татвар гээд. Гэтэл 3-4 сая төгрөгийн цалинтай хүн мөн ялгаагүй 30 хувийг нь суутгуулж байгаа. Олон улсын байгууллагууд шатлалтай болгох асуудлыг ярьдаг. Энгийн жишээ гэхэд иргэдийн цалингаас ихэнх нь татвартаа яваад гар дээр ирж байгаа мөнгө нь бага, амьдралд нь хүрэхгүй байна.
Харин ААН-үүд дээр ямар асуудал үүсэж байна гэхээр хуримтлалтай болж чадахгүй байна гэдэг асуудлыг дийлэнх нь ярьж байгаа. ААН-үүд дээр хуримтлалтай болж чадахгүй байгаа шалтгаан нь НӨАТ, ААНОАТ-аас болоод байгаа юм. Жишээлбэл: Гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, түүхий эд материалаа гаднаас татдаг бол орж ирэх мөчид гааль, НӨАТ төлдөг. Уг нь бол НӨАТ нь борлуулалтаасаа эргээд төлөх ёстой татвар байдаг. Оруулж ирэх үедээ гааль, НӨАТ төлөх гэхээр иргэд, ААН-үүд банкнаас зээл авч төлөхөөс өөр арга байдаггүй. Дараа нь бараа бүтээгдэхүүнээ борлуулаад мөнгөө олох гэсээр байтал банкны хүү, зээлдээ идэгдээд явж байдаг. Нэг ёсондоо одоо байгаа энэ тогтолцоо шаардлагагүй өндөр хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна, иргэд ААН-үүдийг хуримтлал үүсгэх боломжийг хааж байна. Бүх зүйлээ татварт урьдчилж төлсөөр байгаад л зарим нь хаалгаа барих нөхцөл үүсгээд байгаа юм. Дээрх асуудлууд дээр хэд хэдэн санал орж ирсэн. Гэхдээ хэлэлцүүлгээр уг асуудлууд дээр нэлээн их саналууд нэмэгдэх байх үүн дээр ажлын хэсэг сайтар ажиллана.
Хуулийн шинэчлэлээр хөдөлмөр эрхэлдэг бага орлоготой иргэдээ татварын бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал яригдана. Мөн НӨАТ-ын шаталсан тогтолцоог судалж байна. Шууд 5 хувь болгож бууруул гэдэг санал их ирж байгаа.
Ингэхээр шууд 4 их наяд төгрөгийн дарамт төсөв дээр ирэхээр байгаа. Бид зөв гаргалгааг хайж байна. Олон улсад бол шаталсан тогтолцоогоор буюу эхний 400-500 мянган төгрөгийн худалдан авалт дээр НӨАТ-ын буцаалтыг 100 хувь буцааж өгөх боломж байдаг. Түүнээс дээш худалдан авалтад хувийг шаталсан байдлаар тогтоож байгаа олон улсын энэ арга нь иргэд, ААН-үүддээ ч үр ашигтай буцаан олголт болдог нөгөө талдаа НӨАТ төлөгчдийг ч нэмэгдүүлж байгаа жишиг байна. Ийм байдлаар олон судалгаа хийж байгаа. Ажлын хэсэг хуулийн шинэчлэлийг хаврын чуулгана эхлэхэд өргөн барьж 5-р сарын 16 наас өмнө батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.