Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 40 га талбайд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэрийг 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр гаргасан.
Тус төслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцсэн нэр бүхий хуульчид шүүхэд хандаад байгаа бөгөөд хүрээлэнгийн газартай холбоотой маргааны захиргааны хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ.
Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм. Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх аж.