АНУ, Ираны хоорондын хэлэлцээ шинэ тохиролцоонд хүрэлгүй өндөрлөж, Ерөнхийлөгч Д.Трамп Ираны боомтуудыг хаахаа мэдэгдсэний дараа өнөөдөр /2026.04.13/ өглөө Азийн эрчим хүчний зах зээл нээгдэхэд газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 100 ам.доллараас давсан байна.
Тодруулбал, Дэлхийн жишиг Brent газрын тос 7.3 хувиар өсч 102.30 ам.доллар болсон бол West Texas Intermediate 8.7 хувиар өсч 104.94 ам.долларт хүрчээ. Ийнхүү АНУ, Ираны энхийн хэлэлцээ бүтэлгүйтсэн нь дэлхийн эрчим хүчний хямрал гүнзгийрэх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.
Өнгөрөгч долоо хоногт Ормузын хоолойн худалдааны усан замыг нээх нөхцөлтэй хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд АНУ, Иран хүрсний дараа газрын тосны үнэ 100 ам.доллараас доош буураад байсан юм.
Учир нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг АНУ, Израилийн цохилтын хариуд Ираны тал тодорхой хөлөг онгоцуудад халдана хэмээн сүрдүүлснээс хойш бүс нутгийн хурцадмал байдал үүсээд байгаа юм.
Энэтхэг, Малайз зэрэг зарим улсууд хөлөг онгоцныхоо аюулгүй нэвтрэлтийг хангах талаар хэлэлцээр хийсэн ч хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш тээвэрлэлт ихэвчлэн саатсан хэвээр байгаа аж. Энэ нь дэлхий даяар эрчим хүчний үнийг огцом өсгөхөд нөлөөлж байгаа ажээ. Тэгвэл өнөөдөр өглөө Азийн томоохон хөрөнгийн зах зээлүүд уналттай эхэлсэн байна. Японы Никкей 225 индекс 1 хувиар, Өмнөд Солонгосын Коспи индекс 0.8 хувиар буурсан байна. Товчхондоо, Ойрхи Дорнодын нефтээс ихээхэн хамааралтай Азийн орнууд энэхүү нөхцөл байдлын нөлөөг илүүтэй мэдэрч байгаа ажээ.
Эх сурвалж: BBC