Нийтийн өргөдөл, гомдлын "Dpetition" цахим платформд иргэн Т.Алтангэрэлийн санаачилсан “Усны тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Туул голыг хамгаалах тухай өргөдөлд иргэдээс санал авч эхлээд байна.
Тус өргөдлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 2600 гаруй иргэн гарын үсгээ зуржээ. Өргөдөлд санал авах хугацаа 26 хоногийн дараа дуусах аж.
Өргөдөл санаачлагч Т.Алтангэрэл “Өвөг дээдсээсээ ‘Хатан Туул’ хэмээн дээдлэн ирсэн Туул голын бургасыг огтолж, хөрсийг эвдэж буй нь Усны тухай хуульд 2025 онд оруулсан өөрчлөлттэй холбоотой” хэмээн онцолсон байна. Түүний тайлбарласнаар,
Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д гол, нуур, булаг шанд зэрэг усны нөөцийг хамгаалах зорилгоор эргээс 50 метрийн дотор барилга байгууламж барих, мод огтлох, элс хайрга олборлох зэрэг үйл ажиллагааг хориглодог байсан. Харин 2025 оны долоодугаар сарын 9-нд уг заалтыг өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хамгаалалтын бүсэд барилга, зам, дэд бүтэц байгуулах боломжийг нээсэн байна.
Санаачлагчийн үзэж буйгаар энэхүү өөрчлөлт нь зөвхөн Туул голд бус Монгол орны бүх усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж. Тэрбээр “Хэрэв уг өөрчлөлтийг буцаахгүй бол Хөвсгөл, Увс, Буйр зэрэг томоохон нуурууд, мөн Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөнд ч ижил эрсдэл үүсэх магадлалтай” гэж анхааруулжээ.
Хуулийн өөрчлөлтийг тодруулбал,
22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж өөрчилсөн байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 дахь хэсэг гэдэг нь "нийтийн зориулалттай дэд бүтэц" буюу нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг хэлсэн байгаа юм.