Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсад зохиогдож буй Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны “3х3” төрлийн ДАШТ-ий зохион байгуулагчдын нэг С.Тулгатай ярилцлаа.
ОЛИМП, ДАШТ ЯАЖ БОЛДОГ ЯГ ТЭР СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙЖ БАЙНА
-ДАШТ-ийг Монгол улсдаа зохион байгуулах эрхийг авсан гэдэг нь манай улс энэ спортын төрөлд ямар чансаатай болж буйг харуулсан үйл явдал боллоо. Энэ тэмцээнийг Монголдоо зохион байгуулах эрхийг хэрхэн авсан бэ?
-Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас уг эрхийг авсан. Манай баг тамирчид маш сайн тоглож нэр хүндтэй болсон, Азийн аваргыг авсан, Дэлхийн өндөр зэрэглэлийн олон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх өгөх тест болж байгаа. Ямартай ч олимпийн төрлийн спорт насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монголдоо зохиох боломжтой. Одоо дэлхийн 165 оронд шууд дамжуулж байгаа. Тэгэхээр Монголд болж буйгаараа Монголыг сурталчилсан томоохон арга хэмжээ. Багийн спортын төрөл олимпийн төрлөөс сагсан бөмбөгөөрөө орж байна. Монголд 36 орны 40 баг ирсэн байна. Сагсан бөмбөгийн хөгжилтэй, хамгийн мундаг гэсэн бүх улсууд энд ирсэн байна.
-Дэлхийн хэмжээний, олимпын чухал хэмээгддэг төрлүүдийн нэгийг зохион байгуулахад маш нарийн стандарттай байдаг байх. Энэ стандартуудыг хэрхэн “барьсан бэ”, ямар стандартууд байдаг тухай сонирхуулбал?
-Олимп, ДАШТ яаж явагддаг яг л тэр стандартын дагуу зохиож байгаа. Шангри-Ла, Вестерн, Хөвсгөл трэйвэл зэрэг зочид буудлуудад тамирчид байрлаж байна. Байж болох хамгийн өндөр стандартыг цаанаас тавьсан, тэр шаардлагыг нь хангаж тэмцээнээ зохион байгуулж байна. Монгол хүн яагаад ийм өндөр зэрэглэлийн тэмцээнийг хийж болохгүй гэж. Тиймээс Монгол улсаа дэлхийд, Монгол улсдаа сагсан бөмбөгийн спортыг сурталчилж байна. Монголын “3x3” холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, ТВ5, MNB спорт, MCS Coca Cola зэрэг маш олон байгууллагын хүч хөдөлмөрөөр энэхүү ажил минь амжилттай болж байна.
-Ямар нэгэн спорт зааланд биш Улаанбаатар хотын төв, задгай талбайд энэ тэмцээнийг зохиож байгаа нь их онцлог юм. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-3х3 төрөл нь тухайн улсынхаа хамгийн оргил газар болдог. Тиймээс манай улсын 0 цэг болох эзэн Чингис хааныхаа хөшөөний өмнө Сүхбаатарын хөшөөний хойд талд зохиох нь зүйтэй гэж шийдсэн. Энэ бол Монгол улсад энэ төрлөөр зохиогдож байгаагүй хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Энэ өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад маш олон хүн ч сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Хүнд хэцүү зүйлс байгаа хэдий ч ямар ч шалтгаан тооцохгүйгээр бүгдийг амжилттай хийж байна.
НИЙТ КАРЬЕРЫН ТУРШИД 75 ХУВИЙГ ЯЛАЛТТАЙ БАЙГАА
-Дэлхийн сагсанбөмбөгийн холбооны ажиглагчид зохион байгуулагчдын дунд орж ажиллаж байгаа байх. Тэд зохион байгуулалтын тухай сэтгэгдлээ илэрхийлж байна уу?
-FIBA бүх стандартуудыг хянаж ажиллаж байна, бид ч тавьсан стандартынх нь дагуу хийж байгаа. Одоогоор ямар ч шүүмжлэлгүй буюу 100 хувь “А” үнэлгээтэйгээр гүйцэтгэж байна. Хөндлөнгийн аудитууд ч харж байгаа. Монгол өмнө нь ийм зэрэглэлийн 10 дугаар зэрэглэлийн ААШТ-ийг зохион байгуулж байсан. Одоо хоёр дахь удаагаа буюу ДАШТ зохиож байна. Цаашид насанд хүрэгчдийн ДАШТ л үлдлээ. Монголчууд хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг “тултал” хийж болж байна. Энэ эрчээрээ амжилттай дуусна гэж итгэж байгаа.
-Зохион байгуулагч манай орны охид, хөвгүүдийн баг бүгд хожил авсан учир Монголын үзэгчид өндөр сэтгэгдэлтэй, сэтгэл хөөрөлтэй байгаа. Дүгнэж хэлэхэд эрт байгаа ч дасгалжуулагч бөгөөд зохион байгуулагчийн хувьд өөрийн орны баг тамирчдын чансаа ямар байна гэж та харж байна вэ?
-Нэг залуу нь Завханд хонио хариулаад явж байсан юм шүү дээ. Бас нэг нь Төв аймгийн залуу. Мөн хоёр гавьяатын хүүхэд Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц нар бий. Хүүхдүүдийнхээ онцлогийг харсан. Миний хувьд “3х3” төрлөөр ганцхан Монголд гэхгүй дэлхийн тэмцээнүүдээс 75 хувийн ялалттай байгаа. Тэгэхээр явсан тэмцээн болгондоо эрэгтэй баг маань медаль авч байгаа. Энэ удаа эх орондоо зохион байгуулж байгаа учир санаа зовох зүйл олон байна. Гадаадад зохиогдсон тэмцээнд дөрвөн залуугаа дагуулж очоод л медалиа авчихаад хүрээд ирдэг. Нийт карьерын туршид 75 хувийг ялалттай байгаа гэхээр та бүхэн ойлгож байгаа байхаа. Монгол систем, Монгол программыг залуус маань сайн авч ажиллуулж байна. Үндэсний бөх, жудо, чөлөөт бөхөөр Монгол стиль гэж байдаг шиг сагсан бөмбөгийн Монгол стиль ч амжилттай ажиллаж байна. Сая Оюутны ААШТ-д оролцож түрүүлсэн, одоо ДАШТ-д орно. Мөн манайхан ААШТ-д гурван жил дарааллан финалдлаа. Ази тивдээ хожигддог улс байхгүй болсон ч Австрали тивийнхэнд хожигдоод байгаа. 2:1 харьцаатай болсныг та бүхэн мэдэж байгаа болов уу.
Нэмж хэлэхэд, Монгол хүн багийн спортоор хол явахгүй, сагсан бөмбөгөөр амжилт гаргахгүй, Тулгаа гэдэг хүн сагсан бөмбөгийн холбоог аваад идлээ, уулаа, харлууллаа гэж олон жил гүтгүүлж доромжлуулж явсны үр дүнг Монголчууд Сүхбаатарын талбай, эзэн Чингис хааныхаа хөшөөний өмнө ирээд үзээрэй. Хэрхэн яаж хийж болдгийг хараарай. Манай “3х3” холбооны ерөнхийлөгч Мягмаржав, өмнө хэлсэн телевизийн сувгууд, ивээн тэтгэгчдийнхээ хүчээр бид маш амжилттай ажиллаж байна. Биднийг дэмжиж байдаг Монголчуудынхаа итгэл сэтгэлийг зүтгэлээр хариулах болно. Хүүхдүүдээ амжилт гаргаасай гэж найдан хүлээж байгаа.
-Та, танай багийнхан хэдхэн жилийн өмнө л бэлтгэлийн байр байхгүй тул байрны гаднах талбайд бэлтгэлээ хийж дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд явж амжилт гаргаж ирж байсан шүү дээ. Гэтэл одоо дэлхийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулах хэмжээнд хүртэл хөгжиж бас хөгжүүлж чадсанд уншигчдынхаа өмнөөс танд танай багийнханд талархал илэрхийлье. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монгол хүмүүс чөлөөт, жудо гэх мэт тулааны спортуудаар амжилт гаргадаг байсан бол хотын залуус, өндөр охид залуус спорттой болж байна. Олимпийн топ дөрвөн спортын дараа ордог тав дахь спорт. Сагсан бөмбөгийг үндэсний хэмжээнд хөгжүүлж Монгол орон багаараа, хамтаараа ажиллаж болдог юм гэдгийг үзүүлж байна. Бид 13-р зуунд дэлхийн талыг эзлэхдээ ганцаараа яваагүй, хамтаараа, багаараа байлдаан хийж байсан. Энэ гайхалтай генээ бид сагсан бөмбөгөөр үзүүлэх болно. Бидэнд тэрний, энэний гэх хамаарал байхгүй “МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээрээ дэлхийд гоёно” гэдэг шиг, гадагшаа гарахаар АН-ынх, МАН-ынх гэж ярьдаггүй, ганцхан Монгол л гэж ярьдаг. Иймд ирээдүй болсон олон арван залуусаа буруу зөрүү замд оруулалгүй, спорт хөөсөн ухаантай, спорт хөөсөн ялалт ялагдлыг мэддэг нэгэн болгож хүмүүжүүлэх боломж энэ спортод бий. Таны хэлсэнчлэн бид үнэхээр байшингаа гадаа л бэлтгэлээ хийдэг байсан зэргээр маш хүнд хэцүүг туулж өдийг хүрлээ. Өшөө ч илүүг хийх болно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ