Бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт "Ардын эмч" цол хүртээлээ

Бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт "Ардын эмч" цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тухайлбал, Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Эрүүл мэндийн яамны Урологи, андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Нямсүрэнд Монгол Улсын "Ардын эмч" цол хүртээлээ.

Мөн, Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, Олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон Нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнд Монгол Улсын "Ардын эмч" цол хүртээлээ.