Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг энэ сарын 23-ны /2025.10.23/ өдөр хянан хэлэлцээд "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн.
Тэгвэл иргэн О.Отгонтөгс уг асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хандсан байна. Тодруулбал, О.Отгонтөгс нь өнөөдөр /2025.10.24/ Улсын Ерөнхий прокурорт хандан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар гомдол гаргасан байна.
Уг гомдолд "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурджээ. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэхийг бид эргэн мэдээлэх болно.