ФОТО: Төрийн ордонд НҮБ-ын далбааг мандууллаа

ФОТО: Төрийн ордонд НҮБ-ын далбааг мандууллаа

Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын өдөр тохиож байна. Мөн энэ онд НҮБ-ын 80 жилийн ой тохиож байна. НҮБ нь байгуулагдсан цагаас дэлхий дахинд энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжил, улс хоорондын эв нэгдлийг бататгах чухал тулгуур болсоор ирсэн бөгөөд энэ оны 09 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган нээлтээ хийсэн билээ.

Өнөөдөр энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн ордонд НҮБ-ын далбааг мандуулж, НҮБ-ын үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэл, хамтын хүсэл эрмэлзлэлээ илэрхийллээ.

Мөн энэ орой Төрийн ордныг НҮБ-ын бэлгэ тэмдэг болсон цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн цагаасаа олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох, дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж ирсэн. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчаа илгээж, дэлхийн халуун цэгүүдэд энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Монгол Улс цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн.

Мөн Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны хамгааллын чиглэлээр НҮБ-ын санаачилгуудыг тууштай дэмжиж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.