Н.Учрал: Бортээгийг нууцаар ашиглахаар завдсан, давуу байдал олгож гэрээ байгуулсан асуудал бий. Үүнийг зогсооё гэхээр өөр зүйл яриад байх юм

Н.Учрал: Бортээгийг нууцаар ашиглахаар завдсан, давуу байдал олгож гэрээ байгуулсан асуудал бий. Үүнийг зогсооё гэхээр өөр зүйл яриад байх юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасажаргал, "Н.Учрал сайд сая Бортээгийг эдийн засгийн эргэлтэд ороогүй гэлээ. Тэгээд юугаа хийгээд Бортээгээс баахан нүүрс аваад идчихсэн юм шиг мэдээлэл олон нийтэд түгээгээд байгаа юм. Ерөнхий прокурорын газраас нүүрсний гэх хэрэг дээр 153 хүнийг холбогдуулж шалгаад 88 хүнд ял оноосон гэсэн мэдээлэл гаргасан. Хүмүүсийг эргэлзээнд оруулаад байна шүү дээ. Иймд дагалдаж оруулж ирж байгаа хэлцэл гэдэг дотор саяны гэрээ байгуулах эрх ороогүй гээд худал хэлээд байгааг мэдэгдэх нь зөв байх" гэв. 

Харин Шадар сайд Н.Учрал, "Иргэдэд төөрөгдөл учруулсан мэдээлэл яримааргүй байна. Газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ. Бүтээгдэхүүн хуваах, АМНАТ-аар орлуулах асуудлыг их хурал шийднэ. Эрдэнэс Тавантолгой компани хэдэн ордоо дэргэдээ авч, дураараа хэлцэл, гэрээ хийсээр байгаад өнөөдөр нүүрсний хулгайн асуудал хэрээс хэтэрчхээд байна. Одоо бүр зарим улс төрчдийн мөнгөний баримжаа алдагчхаад байгаа шүү дээ. Үүнээс болоод их хурлын гишүүдийг бүгдийг нь хулгайч дээрэмчин гэж иргэд бодоод байна. Ингэж хоёр талд гарч жүжиглэхээ боль. Их хурлын тогтоолд хэлэлцээр хийнэ гэж байгаа. Хэлцэл хийнэ гэж байхгүй. Санхүүгийн байгууллага, хуулийн байгууллага, аудит оруулж байж хэлэлцээр хийдэг. Тиймээс энэ эрхийг их хурал аваасай гэж боддог. Түүнээс биш нэг төрийн өмчийн компани нь бүх юмыг мэддэг байна гэж байхгүй. Тийм учраас хэдүүлээ вакумаасаа салаад урагшаа хараад явах хэрэгтэй. Төрийн ажил амаргүй"

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, “Нүүрсний гэх нэршлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээлэл прокурорын газрын цахим хуудаст гарсан байна. Их хуралд оруулж ирсэн их хурлын тогтоолын төсөл дээр нь “хэлцэл хийж" гэж бичсэн байна"

Шадар сайд Н.Учрал, “Хэлцэл хийгээд шууд хүчин төгөлдөр хэрэгжээд явахгүй. Бүх гэрээ, хэлцэл их хурлаар батлагдана. Бортээгийн асуудал зөвхөн нүүрсийг нь зөөж ашигласнаар үүснэ гэж ойлгож яриад байх юм. Нууцаар ашиглахаар завдсан асуудал, давуу байдал олгож гэрээ байгуулсан асуудал байгаа шүү дээ. Гэрээ байгуулсан учраас тухайн компани уурхай дотор газар аваад үйлдвэр хүртэл барьчхаад байна. Үүнийг их хуралд, засагт хэлэхгүйгээр нэг компанид сууж байгаа гүйцэтгэх захирал нэртэй хэдэн хүмүүс дураараа авирлаад байна. Үүнийг нь зогсооё гэхээр тэмээ гэхээр ямаа гээд байх юм. Хоёр хүн хоорондо ярьсан асуудлыг чуулганд битгий ярь. Төрийн ажил тийм амар биш, ярих юм байна. Ярихгүй юм байна” гэлээ.