УИХ-ын чуулганы өнөөдрийн /11.29/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцлээ. Нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Бид нэг удаа хэрэглэх дэг гэж хэлэлцээд байна. Гэтэл төсөв хэлэлцэх гэж байгаа. Төсөв бол өөрийн тусгай дэгтэй. Төсвийн дэг зохиож хэлэлцвэл энэ Цэц дээр унана шүү. Төсөв батлагдаад хүчин төгөлдөр л болоогүй байхгүй юу. Муу төсөв гээд бүгд яриад байна. Тэгвэл эхний хэлэлцүүлэг дээр нь төсвийг буцаах байсан. Буцаагаагүй учраас УИХ-ын бүрэн асуудал болсон. Төсөв дээр УИХ орлого, зарлага нэмж болохгүй. Бусад бүх зохицуулалтыг хийж болно. Төсвийн төслийг хэлэлцэх тусгай дэгтэй.Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээс явна гэсэн зохицуулалтыг Дэгийн хуульдаа хийчихвэл ямар ч асуудал байхгүй. Одоо бид төсвийн хуулийн төсөл хэлэлцэн батална. Хориг тавилаа гээд өөр хууль болоогүй. Хэрэв зохицуулаагүй гээд өөр дэгээр явбал Цэц дээр унана.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу:- 2025 оны Төсвийн тухай хууль батлагдчихсан. Одоо бол хуулийн төсөл биш гэж ойлгож байгаа. -Бид одоо байгаа Дэгийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг удаагийн хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа асуудал. Нэг удаагийн хууль байх нь зөв. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл дээр бий. УИХ бусад бүрэн эрх, зохион байгуулалт,үйл ажиллагааны журмын асуудлыг хуулиар зохицуулна гэж заасан учраас хуулиар зохицуулж байна. Таны хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Манай ажлын хэсэг УИХ-ын шийдвэр гарсаны дараа хэрхэх вэ гэдэг гаргалгааг л гаргаж байгаа. Буцаах байсан гэдэг нь өнгөрсөн асуудал. Нэгэнт олонхоороо шийдсэн асуудал. Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой саналаа хуульд заасан хугацаанд Төсвийн байнгын хороонд ирүүлнэ. Түүн дээр нь үндэслээд хэлэлцүүлгүүд явна. Засгийн газар төсөв оруулж ирэх, түүнийг нь УИХ батлах бүрэн эрхтэй. Энэ зарчим ерөөсөө алдагдаагүй.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Ажлын хэсэг дээр яригдсан асуудал. Төсвийг Засгийн газарт буцаах боломжгүй юм билээ. Хэрвээ буцаана гэвэл хуулиа хүчингүй болгох л боломжтой. Төсвийн хуулиа хүчингүй болгоод ямар хуулиар явах вэ гэхээр тэр нь байхгүй. Гацаанаас гарахын тулд нэг удаагийн дэг оруулж ирж байгаа. Энэ бол гарц мөн. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг баталж чадсангүй.