Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай түрүүлж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат И.Золбоогийн хурдан халзан азарга тэргүүн магнайд хурдалж Баянхонгорынхон бахархалтай сайхан наадлаа. Үүнийг зарим хүмүүс, “бөх нь төрөө дагадаг” хэмээн бэлгэшээж байна. Учир нь одоогоос сарын өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон.
-ХАРАНХУЙГААР АШИГЛАГДААД УЛС ОРНОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРАЛТАЙ БАЙЛГАХ СОНИРХОЛ БАЙНА-
Тэгвэл Г.Занданшатар энэ долоо хоногийн Лхагва гараг /2025.07.16/-т Дулаан цахилгаан станц-3 ТӨХК-д ажиллаж, онцгой дэглэмийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, “ДЦС 3-ийн шугамын засвар үйлчилгээг ирэх есдүгээр сарын 1-ний дотор дуусгах чиглэл”-ийг өглөө.
ВИДЕО:
Учир нь өнгөрөгч зургаадугаар сарын 1-2 /2025.06.01-02/ нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч, тухайн үед тус газарт ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Х осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Харин тус ослын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн ноцтой асуудал үүссэн ч тухайн үед “Л.Оюун-Эрдэнийг огцруулах” улс төрийн үйл явдалд дарагдаад байсан юм.
Товчхондоо, ДЦС3-ийн шугамыг яаралтай завсарлахгүй бол ирэх өвөл Улаанбаатар хот цахилгаан, дулааны дутагдалд орох эрсдэл үүсээд байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт ДЦС3-д ажиллаж үеэрээ, “Концессын хуульд өөрчлөлт оруулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг /эрчим хүчний салбар/ татах боломжтой. Үүн дээр салбарын дотоод ашиг сонирхлын зөрчлүүд, үүний цаана үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Ер нь бол 1987 онд 5-р цахилгаан станц барих ажлыг "5 жилийн төлөвлөгөө"-нд оруулаад барих гэж байсан юм билээ. Үүнээс хойш өөрсдөө хөрөнгөө гаргаад бариад өгье гэж 2008-2012 оны Засгийн газрын үед шийдвэр нь гарч байсан. Гэтэл өөр нэг төсөл гаргаж ирээд эсвэл шүүхэд хандаад зогсоочихдог.
Манай улс 400 орчим сая ам.долларын эрчим хүчийг импортоор авч байна. Энэ мөнгөөр бид дотооддоо 5-р цахилгаан станц барих бүрэн бололцоотой байхад шүүхэд хандаад унагаачихдаг. 5-р цахилгаан станц миний мэдэхийн 20 жил гацаж байна. Үүний цаана харанхуйгаар ашиглагдаад улс орноо эрчим хүчний хамааралтай байлгаад байх сонирхол байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Өөрсдөө мөнгөө гаргаад эрчим хүч үйлдвэрлэе гэсэн Шивээ овоо, Багануурыг зогсоосон энэ олон тохиолдлыг санамсаргүй тохиолдол гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна” гэсэн юм.
-ДЦС 3-ИЙН ШИНЭЧЛЭЛД 1.3 ТЭРБУМ ЕВРО БУЮУ ХЭТ ӨНДӨР ҮНИЙГ ТАВЬЖЭЭ-
Ерөнхий сайдын хувьд бараг анх удаа, “Улс орноо эрчим хүчний хамааралтай байлгахад зарим хүмүүс бусдад харанхуйгаар ашиглагдаад байна. Эрчим хүчнийг хувийн хэвшил хариуцах бүрэн боломжтой” гэж Г.Занданшатар хэллээ. Тухайлбал, “Голомт”-ын Д.Баясгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нар “Бөөрөлжүүт”, “Тосон” гэсэн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулаад байгаа.
Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд “Багануур пауер” компани Багануур цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулсан байдаг. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байсан гэдэг. Гэтэл Ч.Мөнхбаяр нарын хүмүүс “Багануурт цахилгаан станц баривал 5000 хужаа бүхий тосгон үүснэ. Оросуудын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна” гэх мэдээллийг өгч байсан байдаг.
ВИДЕО: Ц.Даваасүрэнгийн мэдэгдэл
Харин нэгдүгээр сард болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Уучлалт гуйх ёстой бол тэр үеийн ерөнхийлөгч нь л уучлалт гуйх ёстой байх. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. Миний үед Эрчим хүчний яамны зүгээс энэ төслийг зогсоох нэг ч шийдвэр гаргаагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдсэн.
Тэгвэл “ДЦС3-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өнгөрөгч есдүгээр сарын 03 /2024.09.03/-ны өдөр байгуулсан.
Уг төслийг Оросын “Интер PAO Экспорт” компани хэрэгжүүлэх бөгөөд 1 тэрбум 326 сая еврогоор гүйцэтгүүлэхээр туссан байгаа юм.
Гэвч энэ нь зах зээлийн ханшаас хэт өндөр үнэ бөгөөд шинэ цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр ийнхүү Оросын компаниар засвар хийлгэх гэж байгаа нь хойд хөршийн нөлөө, тулган шаардлага байна гэдгийг зарим улс төрчид төдийгүй мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл Оросоос техник авах 1.3 тэрбум еврогоор хуучин ДЦС 3-ийг засах байтугай шинээр ДЦС 4 шиг хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой гэдэг.
ВИДЕО:
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн манай сайтад өгсөн ярилцлагадаа, "2021 оны ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Монголын талаас ТЭЦ III-ын өргөтгөл шинэчлэлийг ОХУ-ын талын Засгийн газар экспортын чиглэлээр санхүүжүүлээч гэдэг хүсэлт тавьсан юм билээ. ОХУ-ын тал үүнийг хүлээж аваад судалж үзье гэсэн. Улмаар ОХУ талаас Интер-Ро, Монгол талаас ДЦС-3 ТӨХК хамтраад ТЭЗҮ-г Интер-Ро компани өөрөө санхүүжилтийг нь гаргаад ТЭЗҮ-г боловсруулаад 2022 оны есдүгээр сард Эрчим хүчний яам, ТЭЦ-3-д ирүүлсэн.
Энэ ТЭЗҮ-д тусгаснаар урьдчилсан байдлаар 1.3 тэрбум сая еврогоор санхүүжүүлж, барьж дуусгах боломжтой гэж тусгагдсан байна. 1.3 тэрбум сая евро бол хэт өндөр үнэ байна. Үнээ буулгаач гэсэн хүсэлтийг ОХУ-ын талд тавиад 2 жил болж байна. Оросууд болохоор үүнийг ТЭЗҮ бол урьдчилсан үзүүлэлт, баримжаа хязгаар. Яг зөвшөөрөх юм бол зургаа хийгээд магадлуулах хэрэгтэй. Зураг төсвөө хийсний дараа ямар үнэтэй болох талаар дараа нь ярья гэсэн. Дараа нь бид ОХУ-ын экспортын зээлээр энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг бид ярилцана" гэсэн байдаг.