Тайландад нэгэн эмэгтэй лам нартай дотно харьцаанд орж, дарамталж ашиг олсон тул хууль гаргахаар болжээ

Тайландад нэгэн эмэгтэй лам нартай дотно харьцаанд орж, дарамталж ашиг олсон тул хууль гаргахаар болжээ

Тайландын улс төрчид "буддын шашны лам нартай дотно харьцаанд орохыг хориглох" хуулийг санаачлахаар болжээ. Энэ нь буддын шашны өндөр тушаалын лам нартай бэлгийн харьцаанд орж, бичлэг хийснийхээ дараа тэднийг дарамталж их хэмжээний мөнгө авсан нэгэн эмэгтэйтэйн дуулиантай  холбоотой ажээ. 

Тодруулбал,  “Гольф” хочоороо танигдсан 35 настай Вилаван Эмсават  гэх эмэгтэй Бангкок хотын захад орших тансаг харшдаа саяхан баривчлагдсан байна. Түүнийг мөнгө угаах болон хулгайн эд зүйлс авсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Мөн түүний таван ширхэг гар утсаас олон тооны лам нартай бэлгийн харьцаанд орж буй бичлэгүүд олдсон байна.

Тэдний зарим нь Тайландын нэр хүндтэй сүм хийдүүдийн лам нар байжээ. Мөн тэдний зарим нь энэхүү бичлэгүүдийн улмаас санваартны зэрэг, ламын хувцсаа тайлж, сүм хийдээсээ хөөгдсөн байна.

Энэхүү хэрэг явдлын дараа Тайландын парламентаас гэмт хэргийн шинжтэй харилцаанд оролцсон лам нарыг хуулиар шийтгэх боломжтой болгох, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа аж. Тайландад болж буй энэ дуулиан нь анх Пхра Теп Вачирапомок нэртэй алдартай лам Бангкок дахь сүмээсээ явж, Лаос руу зугтсан явдалтай холбоотойгоор дэгдсэн байна.

Тэрээр ийнхүү зугтсаныхаа дараа "нэгэн эмэгтэй надаас мөнгө нэхсэн" гэж мэдэгджээ. Ингээд мөрдөн байцаалтын явцад Вилаван Эмсават гэх эмэгтэй нь жирэмсэн болсон хэмээн лам нарт мэдэгдэж байсан баримт нь ил болсон байна. Мөн түүнд лам нар бэлэг өгч, их хэмжээний мөнгө шилжүүлж байсныг шалгалтаар тогтоожээ. 

Тайландын цагдаагийн газрын мэдээлснээр, Вилаван Эмсават гэх эмэгтэй нь тухайн лам нарыг бичлэгээр шантаажилж, дарамталж байсан нь тогтоогдсон байна. Тайландад 200 мянга орчим лам байдаг бөгөөд зарим лам нар нь хувийн сахилга батгүй байдал гаргаж, эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж, мөнгө төгрөг хүлээн авдаг нь нууц биш гэнэ. Энэ нь Буддын ёс суртахууны замаас хазайсан гажуудал гэж зарим судлаачид үздэг байна. 

Эх сурвалж: People.com