УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд жирийн иргэний хүүхдийн биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг гарсан талаар цахим орчинд мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр /2025.07.21/ мэдээлэл хийхдээ, "Хэргийг мөрдөн шалгах явцад 28 настай Т, 29 настай С нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдсан нь тогтоогдсон. Нийгмийн сүлжээнд улс төрийн албан тушаалтны хүүхэд байсан гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэлд хариу өгөх боломжгүй. Мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхэд сорил тавьж үзсэн одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна эргээд мэдээлэл өгч болно" гэж мэдэгдсэн юм.
ВИДЕО:
Энэхүү хэрэг нь энэ сарын 18-19-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 -ын орчимд байрлах “Cante” гэх шөнийн цэнгээний газрын гадна гарсан гэх бөгөөд нийт 10 гаруй залуус хэргийн газарт байсан байж болзошгүй байна. Тодруулбал, хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нараас гадна “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд байжээ.
Тэгвэл тус хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд дарга асан, хурандаа С.Дашзэвэгийн хүү Д.С нь хохирсон байна.
Бид энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад, "Тийм мэдээлэл байгаа. Бид үргэлжлүүлэн шалгаж байна" гэх тайлбарыг өгч байна. Тэгвэл энэхүү хэрэг явдал нь ойролцоох газрын камерт бичигдэн үлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд хэргийн хохирогч нь бусадтай маргалдаж улмаар олныг хамарсан зодоон болсон байж магадгүй байна.