С.Мөнхзул: Дэлхийн аваргын тэмцээний үеэр штангаа өргөхдөө “Би Монголоо татаж байна” гэж бодсон учир алдах эрх надад байгаагүй

С.Мөнхзул: Дэлхийн аваргын тэмцээний үеэр штангаа өргөхдөө “Би Монголоо татаж байна” гэж бодсон учир алдах эрх надад байгаагүй

“Хүний хамгийн том хүч сэтгэлд байдаг. Хэчнээн бэлтгэл ханасан тамирчин байлаа ч би чадахгүй гэвэл хэн ч хэзээ ч чадахгүй” хэмээн ярих энэ бүсгүй 2024 оны хэрэглэлтэй пауэрлефтингийн дэлхийн аварга болсон юм. Тэрбээр гурван хүүхдийн ээж бөгөөд бага хүүхдээ төрүүлсний дараа жингээ хасах зорилготой фитнест явж эхэлсэн байна. Улмаар фитнесийн зааланд бэлтгэл хийх үед пауэрлифтингийн тамирчдыг хараад тухайн спортод дурлаж, хоёр дахь жилдээ бэлтгэл хийж байгаа ч Ази, тив дэлхийд улсынхаа нэрийг хэдийнээ сайнаар дуурсгаж амжжээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Дэлхийн аваргын тэмцээнийхээ талаар яриагаа эхэлье. Ямар төрөлд, ямар амжилт үзүүлээд ирэв?

-2024 оны арваннэгдүгээр сарын 11-14-ны хооронд болсон дэлхийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хувцас хэрэглэлтэй ангилалд орж, -84 кг жинд таталтын төрлөөр түрүүлсэн. Паурэлифтингийн хувцас хэрэглэлтэй төрөл гэдэг нь тусгай хэрэглэлтэй, сунадаггүй хатуу материалтай зүйл хэрэглэдэг учраас хөлнөөс цус гарах асуудлууд гардаг ч би нэг ч удаа шантарч, хойш сууж байгаагүй.

-Эмэгтэй хүнд магадгүй нэлээд хүнд спорт юм шиг санагддаг. Ер нь анх яагаад энэ спортоор хичээллэх болов?

-Төрөөд нэлээд таргалаад жингээ хасах гэж анх фитнест явж эхэлсэн юм. Тэр үед пауэрлифтнгийн тамирчид их гоё эрч, хүчтэй харагддаг байсан. Тэгээд л пауэрлифтингээр хичээллэе гэж бодож эхэлсэн дээ. Би өөрөө ч их эрч хүчтэй спортод дуртай. Нэлээд өмнөөс л пауэрлифтингийг их сонирхдог байсан ч хичээллэж үзээгүй байж байгаад төрсний дараагаас эхлэн хичээллэж эхэлсэн.

-Дэлхийн аваргад оролцож, алтан медалийн төлөө штанг өргөж байхад нь юу бодогдож байв?

-Намайг дэлхийн аваргад бэлдээд байж байхад манай бэлтгэлийнхэн бүгд л нойроо хагаслаад надад тусалдаг байсан. Тийм учраас тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй байж Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө явсан. Монгол Улсын тамирчин Содномдоржийн Мөнхзул гээд зарлахад “За би Монголоо татаж байгаа шүү. Би чадах ёстой шүү” гэж бодож л татсан даа.

-Шантрах үе байв уу?

-Үгүй. Бэлтгэлийнхээ зааланд орж ирээд, штангаа өргөхөөр аз жаргалтай болдог. Амьдралынхаа ихэнх цагийг л энэ зааландаа өнгөрөөдөг. Зааландаа өнгөрөөхөөр цаг өнгөрч байгаа нь ч мэдэгдэггүй. Бэлтгэлээ хэчнээн их хийнэ төдий чинээ бие, сэтгэл тайван байдаг даа.

-Энэ спортоор хэдэн нас хүртлээ хичээллэх боломжтой байдаг вэ?

-Манай зааланд 85 настай ч өдийг хүртэл бэлтгэлээ хийж яваа олон тамирчин бий. Гол нь манай спорт нас харгалздаггүй. Багаараа байдаг учраас нэгнийгээ маш сайн дэмждэг. Үнэхээр сайн нэгнийгээ тайтгаруулж, дэмжиж өгдөг.

-Пауэрлифтингээр хичээллэхэд биеийн хүч л чухал уу?

-Хүний хамгийн том хүч биед биш сэтгэлд байдаг. Би өөрөө бэлтгэл хийгээд, штангаа өргөөд явж байхдаа “надад сэтгэлийн хүч байгаа шүү” гэж боддог. Энэ төмрийг өргөх сэтгэл л хүн бүрд байвал хэн ч хийж чадна. Би өөрөө гурван хүүхэд гаргасан. Гэхдээ эмэгтэй хүн хүүхэд гаргаад гэртээ суухаараа “За би ч одоо өнгөрлөө дөө” гэж бодож болохгүй. Хүн бүтээсэн, амьдрал бүтээчихсэн хүн яагаад дахиад өөрийгөө илүү гоё сайхнаар бүтээж болохгүй гэж. Би өөртөө ч хэлдэг. “Би гурван хүн бүтээчихсэн шүү. Одоо би өөрийгөө гоёор бүтээж чадна” гэж үргэлж боддог.

-Гэр бүл нь хэр дэмждэг вэ?

-Миний бүх зүйл дээр байнга арыг минь даадаг, тусалж дэмждэг, урамшуулж, зоригжуулдаг хүн бол манай нөхөр. Найзууд маань “Яагаад ийм хүнд юм өргөөд байгаа юм бэ” гээд хэлэхэд миний хань бол үргэлж “Чи чадна. Чи үүнийг хийх ёстой” гэж маш их урамшуулдаг. Зааланд ирээд миний хувцсыг өмсгөж өгнө, багштай зөвлөнө. Хоолон дээр хяналт тавиад л миний ард бат байж байдаг. Миний ар гэр санаа зовох зүйлгүй, бат бэх байж байж л би санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийж чадаж байгаа юм шүү дээ.

-Дэлхийн аварга болоод ирэхэд хүмүүсийн хамгийн их хэлж байгаа үг юу байна?

-Тамирчдыг алтан медаль авсан гэхээр л зарим хүмүүс “хэдэн төгрөгийн шагналтай байна” гэж маш их асуудаг. Гэтэл тэр медальд маш олон жилийн хөдөлмөр, хүч, хөлс шингэсэн байдаг учраас түүнийг ямар ч мөнгөтэй харьцуулшгүй. Би өөрөө өөрийгөө ялсан. Амьдрал бүтээсэн. Маш сайхан тамирчны түүх бүтээсэн. Тийм болохоор бүх хүмүүст маш их баярлаж байна. Монголын ард түмэн, пауэрлифтингийн бүх тамирчиддаа баярлалаа. Сүүлд нь хэлэхэд хүн бүрт боломж байдаг юм шүү гэж хэлмээр байна.