Энэ жил Үндэсний их баяр наадам, аймгийн цол олгох барилдааны нийт 116 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинэ хуулиар аймгуудын наадмын шөвгийн дөрвөн бөхөөс энэ жилээс допингийн шинжилгээ авч эхлээд байгаа. Ингэхдээ аймгийн наадмуудад шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад, Төв аймгийн харьяат аймгийн арслан Э.Чойням, Аймгийн заан Э.Гантөмөр нараас допинг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар 79 бөхийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд таван шинжилгээний хариу ирээгүй байгаа аж. Энэхүү шинжилгээгээр нийт долоон бөхөөс допинг илэрч, зургааг нь допинг илэрсэн бөхчүүдэд танилцуулсан бөгөөд нэгийг нь танилцуулаагүй байгаа аж.