Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хариуцлагагүй амрагчдын улмаас Улаанбаатар хот орчмын гол дагуух хог хаягдал нэмэгдэж, орчны бохирдол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол дагуух эхний ээлжийн цэвэрлэгээ эхэллээ.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ны байдлаар Чингэлтэй дүүргийн 40 орчим талбайн үйлчлэгч, иргэд хамтран Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх нийт 8,8 км талбайд цэвэрлэгээ хийлээ. Цэвэрлэгээний явцад ахуйн хог хаягдлаас гадна аюултай хог хаягдал цөөнгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Тухайлбал, ахуйн газ, архины шил зэрэг нь хэт халж байгаа энэ үед гал түймэр дэгдээх, тэсэрч дэлбэрэх аюултайг Чингэлтэй дүүргийн тохижилтын албанаас сэрэмжлүүллээ. Чингэлтэй дүүрэг нь Сэлбэ гол дагуух зуслангийн бүсэд гурван том хэмжээний төвлөрсөн хогийн цэгтэй учраас амарч зугаалж буй иргэд тус хогийн цэгт ахуйн хогоо хаяхыг уриалж байна.