Стандартад нийцэхгүй хашаанаас болж халиун буга гэдсээ хүүлж энджээ

Стандартад нийцэхгүй хашаанаас болж халиун буга гэдсээ хүүлж энджээ

Энэ оны долоодугаар сарын 16-ны өдөр Богд Хан уулын Жаргалантын аманд Монгол улсын Засгийн газраар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон халиун буга айлын хашаанд гэдсээ хүүлж энджээ.

Хариуцлагагүй зарим иргэд, ААН-ийн балгаар зэрлэг амьтны амьдрах, нүүдэллэх орчин аюулгүй байдал хангаагүй хашаа барьсны улмаас энэхүү хэрэг гарсан. Уг хэрэг дээр улсын байцаагч томилогдон ажиллаж байна.  

 Газар ашиглагч иргэд, ААН-ийн анхааралд:

2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 1.3 дэх хэсэг UCS0304B:2025 “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага батлагдсан. Ингэснээр зэрлэг амьтан, мал хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах байдлаар хорогдох эрсдэл багасах боломж бүрдэнэ.

Стандартыг батлагдсан өдрөөс эхлэн газар ашиглагч болон олон нийтэд удаа дараа танилцуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Хамгаалалтын захиргааны фейсбүүк хаягт 2025 оны долоодугаар сарын 2-ны өдөр оруулж олон нийтэд танилцуулсан гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.