Ураны төслийг хөдөлгөхөд гол хөшүүрэг болох Цөмийн энергийн хуульд "Хувь эзэмшихгүй, роялти, 19 хувь хүртэлх АМНАТ-ыг 34 жилийн хугацаанд авах" өөрчлөлтийг тусгажээ

Ураны төслийг хөдөлгөхөд гол хөшүүрэг болох Цөмийн энергийн хуульд "Хувь эзэмшихгүй, роялти, 19 хувь хүртэлх АМНАТ-ыг 34 жилийн хугацаанд авах" өөрчлөлтийг тусгажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг нэг жилийн өмнө Бүгд найрамдах Франц улсад айлчилж, энэ үеэр Францын "Орано майнинг" групптэй "Уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан.

-УИХ ДАХЬ МАН, АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД  "ФРАНЦТАЙ УРАНЫ ТӨСӨЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ МАНАЙ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ХАРШЛАХГҮЙ" ГЭЖЭЭ

Өндөр, дээд түвшиндээ санхүүгийн зарчмаа тодорхойлсон учир хоёр тал ураны төслийг хөдөлгөхөд ихээхэн ач холбогдол өгч Монголын талаас ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан идэвхийлсэн. Гэтэл айлын талтай “Монгол Улсын Татварын тухай хуульд дараагийн 40 жил өөрчлөлт оруулахгүй байх, зэрэгцээ ордуудыг эзэмших, усны төлбөр, цацраг идэвхит хог хаягдлыг хэрхэх” зэрэг асуудлаар ойлголцож чадаагүйгээс болж, тус гэрээ хэлцэл нь өнгөрсөн оны гуравдугаар сараас удааширсан юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зун олимпын наадамд зочилж баг, тамирчдаа дэмжих үеэрээ Францын Парис хотод тус улсын холбогдох өндөр дээд түвшний хүмүүстэй уулзаж, уран олборлох төслийн асуудлаар санал солилцсоны үндсэн дээр дахин хөдөлгөхөөр болж, хамтарсан Засгийн газраас ч идэвхтэй ажиллаж эхэлсэн. Тэд энэ идэвхээрээ 2024 ондоо багтаан гэрээг байгуулна хэмээн төлөвлөж буй аж. 

1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий ураны энэ төслийг Францтай хамтран хөдөлгөхийн тулд ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нэн тэргүүнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өнгөрсөн баасан гарагт /2024.10.25/ УИХ-д өргөн барьсан.

Ингэснээр нэг зоосны хоёр тал шиг ураны төслөө эхлүүлэхийн тулд хуулиа өөрчилж, хуулиндаа нийцүүлэн төслөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Улмаар ураны төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн өчигдөр /2024.10.28/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намд төслөө танилцуулж, нэлээн дэлгэрэнгүй санал солилцжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бүлгийн гишүүдийн нэг нь ч тус төслийг эсэргүүцэж, элдвээр шүүмжлээгүйн дээр заавал хэрэгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг хүртэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Бүр тодруулбал, "Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орны нэг. Мөн Европын холбооны улсуудаас хамгийн түрүүлж Монголд Элчин сайдын яамаа нээсэн, дээд түвшний дипломат харилцаатай. Тиймээс дэлхийн хүчирхэг орон Францтай ураны төсөл хэрэгжүүлэх нь Монголын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцнж" гэдгийг өчигдөр /2024.10.28/ болсон УИХ-д суудалтай улс төрийн намуудын бүлгийн хурлаар онцолжээ.

-ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД "НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ТӨЛБӨРИЙГ УРЬДЧИЛЖ БАЙРШУУЛНА" ГЭХ ЗААЛТ ОРУУЛСНЫГ ЗАРИМ УИХ-ЫН ГИШҮҮД ШҮҮМЖИЛЖЭЭ-

Тэгвэл УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн батлахаар төлөвлөсөн Цөмийн энергийн тухай хуульд доорх агуулгаар өөрчлөлт оруулсан байна. 

  1. Үндэсний баялгийн сангуудын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг оруулах тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой асуудлыг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан боловч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг тусгаагүй, тодорхойгүй байсныг энэ хуулиар тодорхой болгон.
  2. Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох
  3. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоож болох
  4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах
  5. Хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасны 20 хүртэлх жил болгон өөрчлөх
  6. Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх
  7. Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 0-130 ам доллароор ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцох
  8.  Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан УИХ цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох.

Эдгээрээс нөхөн сэргээх төлбөрийг урьдчилж байршуулах гэх заалтыг хасах саналыг зарим гишүүд өчигдрийн танилцуулгын үеэр гаргасан байна. Тодруулбал, түрүүлж байршуулсан төлбөрийг Нийгмийн даатгалын шимтгэл шиг үрэн таран хийх магадлалтай, мега төслийн гэрээн дээр итгэлцэл байх ёстой зэргээр байр сууриа илэрхийлжээ.

-ХУВЬ ЭЗЭМШИХГҮЙГЭЭР 34 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТОГТВОРТОЙГООР РОЯЛТИ, 19 ХУВЬ ХҮРТЭЛХ АМНАТ АВНА-

Ажлын хэсгийнхэн хуульд оруулж буй дээрх нэмэлт, өөрчлөлтийн талаар ойлгуулахдаа

  1. Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа хангагдаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, нийгэм, байгаль орчныг хамгаалах нөхцөл бүрдэнэ
  2. Урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдэх роялти авах, Оюутолгойн 34 хувь шиг хувь шиг, хувиас татгалзаад 19 хувь хүртэлх АМНАТ-ыг 34 жилийн хугацаанд авна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нэмэгдүүлэн тооцох төлбөрийн зохицуулалтыг шинээр тусгаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндэснийг хуулиар тогтооно” гэж заасан нөхцөл хэрэгжих боломж бүрдэнэ.
  3. Улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүй байна гэж ярьсан юм. 

-2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН УРАНЫ ХЭРЭГЛЭЭ 120 МЯНГАН ТОННД ХҮРЭХ СУДАЛГАА БИЙ-

Дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Гэтэл ураны хэрэглээ хамгийн их Франц “ураны орд байхгүй”.

Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он

Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он

Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байна. Харин 2021 оны байдлаар Орос, Казахстан, Нигер гэсэн гурван улс нийлээд Европын холбооны 66.94 хувийн ураныг хангаж байжээ. Харин өдгөө ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшлэхээр болсны жишээ нь Монгол Улс гэж буй. 

Уран нийлүүлэлтээр тэргүүлдэг улс орнуудын график

Уран нийлүүлэлтээр тэргүүлдэг улс орнуудын график

Сонирхуулахад, дэлхийн нийт ураны 46 хувийг Казахстан, 10 хувийг Канад, 9 хувийг Австрали, 5 хувийг Орос олборлодог байна. Харин Монгол Улсын хувьд ураны нөөцөөрөө дэлхийд эхний 20 дугаарт, Азидаа эхний 10 дугаар байранд ордог бөгөөд 2022 оны байдлаар манай улсад 180 мянган тонн ураны нөөц илэрсэн ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид онцолж байна. Иймд манай улс дэлхийн ураны нийт хэрэглээний 5 хувийг нийлүүлдэг болох боломж нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Одоо дэлхийн ураны хэрэглээ 80 мянган тоннд хүрсэн бөгөөд энэ тоо цаашид тасралтгүй өсч 2030 он гэхэд 120 мянган тоннд хүрэх судалгаа байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна. Улмаар 1 кг ураны үнэ 1000 долларт хүрэх боломжтой гэж буй бөгөөд энэ бүхнээс ашиг хүртэнэ гэж манай тал тооцсон байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө