Парис хотод болсон зуны олимпын нээлтийн үеэр зохион байгуулагчид Өмнөд Солонгосын албан ёсны нэрийг Умард Солонгосын нэртэй сольж зарласан байдаг.
Тодруулбал, Өмнөд Солонгосын тамирчид Сена мөрнөөр завьтай өнгөрөх үеэр улсын нэрийг англи, франц хэлээр зарлахдаа “Бүгд Найрамдах Солонгос Улс” гэхийн оронд “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс” гэж алдаа гаргасан.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьж, алдаа гаргасанд нь харамсал илэрхийлж, дахин ийм алдаа давтагдахгүй байхад анхаарч ажиллахыг хүсжээ. Томас Бах хариуд нь уучлал гуйсан тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.