Монгол Улсын Ерөнхийлгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй Ганга нуурын хамгаалалтын цогц ажлын II шат амжилттай хэрэгжиж байна.
Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх ажлын хүрээнд ойн зурвас байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү сэргээн хамгаалах арга туршлага нь “Монголын нуур хамгаалах загвар” болж, олон улсын хэмжээнд үнэлэгдэж эхэлж байна. Ганга нуурыг тойрсон газрын гадарга элс байдаг учир нуурын баруун хойд талаар тойруулан салхийг хааж ойн зурвас хийж байгаа. Хөрсний онцлогт тохируулан хайлаас, бургас тарьж байгаа аж.
Сонирхуулахад, Ганга нуур нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших 4 хавтгай дөрвөлжин километр талбайтай, элсэнд боогдон тогтсон нуур юм. Мөн Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтанд авчээ.