Морьтой аялагч Японы иргэн Я.Чика: Дундговийн залуу “хол замд явж байгаа” гээд морь бэлэглэхэд итгэж чадаагүй /ВИДЕО/

Морьтой аялагч Японы иргэн Я.Чика: Дундговийн залуу “хол замд явж байгаа” гээд морь бэлэглэхэд итгэж чадаагүй /ВИДЕО/

Монголчууд эрт дээр үеэс хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, хүлгийн нуруун дээр биеэ амрааж, хүч чадлаа байгалиас авдаг баатарлаг түүх хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл яригдсаар ирсэн билээ. Тиймдээ ч бид өнөөдөр Монгол гэдэг үгийн урд “нүүдэлчин” гэх алдрыг залгадаг нь цаагуураа баатарлаг болон хүчийг илэрхийлж буйгаа мартаж байгаа юм биш биз.

Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа “Тэнгэрийн нүүдэлчид” гэх эрэлхэг залуусыг онцоллоо. Тэд Монголынхоо түүх соёлыг залуу үедээ дахин нэг сануулж, Дэлхийд ёс уламжлалаа сурталчлан таниулахаар долоон сарын газрыг шандаст хүлэг, тайгын ноход, эрэмгийн зоригт шонхорын хамтаар туулж явна. Энэхүү үйлийг биечлэн гүйцэтгэж буй Тэнгэрийн нүүдэлчид төслийн багийн гишүүн морьт аялагч Япон Улсын иргэн Ямамото Чикатай урт аяллын буудаллах завсарт түрхэн саатуулж ярилцлаа. 

ВИДЕО: 

-Сайн байна уу. Аян замдаа сайн явж байна уу. Юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн явж байна аа. Та бүхэн сайн байцгаана уу? Намайг Чика Ямамото гэдэг. Би Япон Улсын иргэн. Монголд оюутан ахуй цагаа сурч өнгөрүүлээд одоо ажиллаж байгаа. Би Монгол хорайзон ХХК гэдэг жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч, захирал. Мөн Морьт харвааны “Намнаа академи”-ийн ТУЗ-ийн гишүүн болон тамирчин. Уудам Монгол Эдүкейшн Сургууль Япон хэлний багш ийм л нэг хүн байна даа. /инээв/

-Гэр бүлийн хувьд?

-Би Аав, ээж нэг дүүтэй.

-Таны хувьд хэзээнээс энэхүү морин аялалд нэгдэв? “Тэнгэрийн нүүдэлчид”-ийн уг төсөл хэзээ эхэлсэн бэ?

-Аялал маань энэ жилийн цагаан сар үеэр буюу хоёрдугаар 11-нд таван хүний бүрэлдэхүүнтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас эхэлсэн. Би энэ хэдтэйгээ долдугаар сарын 1-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас нэгдээд өнөөдөр /2022.09.03/-ийг хүртэл явж байна.

-Хамт аялж яваа хүмүүсээ танилцуулаач?

-Тэнгэрийн нүүдэлчид төслийн удирдагч Э.Чинзоригт, найруулагч зураглаач А.Нармандах, надтай хамт морьт харваагаар хичээллэж байгаа Х.Зоригтбаатар болон М.Баасандорж гэж 16 настай хүүгийн хамт тавуулаа явж байгаа.

-Барианаасаа хөдлөөд нийт хэдэн км замыг туулав. Таны хувьд ямар ямар аймгаар дайрч өнгөрөв?

-Төсөл эхэлснээс хойш нийт 3500 гаруй км замыг мориор туулсан байна. Би бол одоогоор 1500-гаад км явсан. Бид чинь бас дундаа морио амрааж, түр буудаллаж хэдэн хоногоор амраад явдаг шүү дээ. Харин яг би бол аяллаа эхлүүлснээс хойш Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудаар явсан. Одоо Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт ирээд харанхуй болж байгаа учраас буудаллаж байна.

-Аяллын үеэр болсон сонирхолтой, хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач?

-Сонин хачин сайхан зүйлс бараг өдөр болгон л тохиолддог болохоор алийг нь ярихаа сайн мэдэхгүй байна. Тиймээс надад хамгийн гайхалтай санагдсан зүйлээсээ ярья. Юу вэ гэвэл яг морьтой аялалд гараад маргааш өглөө нь нэг гайхалтай зүйл болсон. Дундговь аймгийн Говь-Угтаал болон Цагаандэлгэр сумын заагт явж байхдаа Б.Сэргэлэнбаатар гэдэг залуутай таарсан юм. Тэр залуу биднийг “ийм хол явж байгаа юм бол морь сэлгэх хэрэгтэй байгаа биз дээ” гэж хэлээд “би бэлэг болгож морь өгий” гэсэн. Би эхэндээ итгээгүй үнэнээсээ өгнө ч гэж бодоогүй. Түүнийг наргиа хийж байна даа гэж бодоод байж байсан. Үнэн болж таараад бидэнд маш хөөрхөн содон Халзан үрээ бэлгэлсэн. Тэр үйл явдал үнэхээр гайхалтай. Ер нь л тэгээд замд болж өнгөрсөн бүх зүйлс гоё байлаа.

-ГОВИЙН МОРЬ ХАНГАЙД ИДЭЭШЛЭХГҮЙ УЧИР ХАЛЗАН МОРИО АЙЛД ҮЛДЭЭСЭН ТӨСӨЛ ДУУСАХААР ОЧИЖ АВНА-

-Хөөх. Морь бэлгэлсэн гэлээ шүү дээ. Тэр халзан үрээ нь одоо та бүхэнтэй хамт яваа юу?

- Үгүй ээ. Олон хоног явуул морь муудна шүү дээ. Дээрээс нь говийн морь хангай газар идээшихгүй явдал ч дийлэхгүй.  Тиймээс бид морио сэлгэж унадаг юм. Хөөрхөн халзан үрээгээ Өвөрхангай Хархоринд манай төслийг дэмждэг Гонгоржав найзынхаа мориор сэлгэж түр үлдээсэн.

-Төсөл дуусгаад очиж авах уу?

-Говийн морийг говьд нь хангайн морийг хангайд нь унаж байгаа. Төсөл дуусмагц бүх сэлгэсэн морио сольж, Халзан үрээгээ очиж авна аа.

-ЗАМД ТААРСАН БҮХ ХҮНД МОНГОЛ ХҮНИЙ ЭЛЭГСЭГ ДОТНО СЭТГЭЛТЭЙ ЭНЭРЭНГҮЙ ХЭР НЬ ХҮЧИРХЭГ ЧАНАРТАЙ БАЙСАН-

-Мэдээж газар газрын хүмүүс өөр өөр зан чанар ёс жудагтай шүү дээ. Таны хувьд нэг аймгийг нь онцлооч гэвэл аль аймгийг онцлох вэ?

-Газар нутгаасаа хамаараад жоохон өөр зүйл байлгүй яах вэ. Гэхдээ миний туулж өнгөрүүлсэн замд таарсан бүх хүнд Монгол хүний элэгсэг дотно сэтгэл, энэрэнгүй хэр нь хүчирхэг чанар байсан. Нэгийн онцлох гэвэл мэдээж анхны аймаг гэсэн утгаараа Дундговь аймаг дурсгалтай, дурсамж ихтэй гоё байсан. Хүмүүс нь ч сайхан сэтгэлтэй.

-Хоолны хувьд?

-Хоолны хувьд энэ удаа ямар нэг шаардлага өөртөө тавилгүй, хүнээс шаардалгүй өгсөн хоолыг баярлалаа гэж идээд дасъя гэж бодож аялалдаа гарсан. Тэгсэн миний төрсөн өдрөөр /долдугаар сарын 6-нд/ манай Зоригтбаатар, Нараа хоёр аймар гоё тагтуритан хийж өгсөн. Тахианы махтай, төмстэй тийм гоё хоол иднэ гэж төсөөлөөгүй байсан учраас тэр бол ёстой мартагдашгүй сайхан хоол байсан даа. Бас Архангай аймгийн Булган сумын “Ар хөшигт” гэдэг газраас Эрдэнэцогт сум хүртэл хамт явсан Монгол банхар судлалын залуусын хийсэн хээрийн хоол үнэн тасархай гоё байсан. Бодоод үзсэн олон хүн замд бас гоё гоё хоолоор дайлсан юм байна. Угтаа бол би энэ морьтой аялалд явахын өмнө нэлээн турж байсан боловч одоо буцаад таргалаад эхэлсэн байна хоолноос болоод шүү дээ. /инээв/

-Хамт явж байгаа морь, нохой, шонхор гурваа танилцуулаач. Нэр өгсөн үү?

-Бүгдээрээ нэртэй. Яг одоо миний тэвэрч байгаа энэ эр нохойг Талын салхи Муса гэдэг. Хоёр настай анч тайга ноход байна. Миний унаж яваа энэ морь бол Архангайгаас авсан. Бүжин бор гэдэг нэртэй. Долоо, найм орчим настай. Жижигхэн биетэй хөөрхөн морь байна. Бидэнтэй хамт яваа шонхор бол  Тэнгэрийн элч гэдэг нэртэй шувуу байгаа.

-Нохойны хувьд хөдөө аялалд дагуулж явахад хүнд хэр хань болж байна. Тус болох гэж оролддог ч юм уу. Хөөрхөн үйлдэл гаргаж байв уу?

-Манай ноход үнэхээр ухаантай, түшигтэй байдаг. Хөдөө зэлүүд явж байгаа ч гэсэн нохойтой хамт байгаа гэж бодохоор сэтгэлзүйн хувьд ч тайван болдог юм байна лээ. Тэгээд бас инээдтэй, хөгжилтэй хамт явахад сайхан байдаг даа.

-Монголын хөдөө  амьдарч буй малчид маань танд ямар санагдсан бэ?

-Малчин хүмүүсийн тусархуу сэтгэлтэй уудам нэг л тийм нүнжигтэй санагдсан. Хөдөөгийн малчид бидэнд үнэхээр их тус болсон. Бид нэг өдөр хатаж үхэх гээд цогих гэсэн цогьж чадахгүй. Дөрөөн дээр гишгэж чадахгүй явж байхад тааралдсан н.Түвшин гэдэг Дундговийн залуу байсан юм. Бид түүний нутгаар нь дайраад өнгөрч явсан ардаас гүйцэж ирээд ундаа, ус өгөөд “Манайд очоорой” гэж уриад, хэд хоног хашаандаа морьдыг маань амрааж өгсөн нь үнэхээр сайхан байсан. Тэгээд ер нь замд таарсан хүмүүс хоол хийж өгдөг. Цай өгөөд, аян замын ерөөл хэлэх гээд янз бүрийн сайхан юм их болсон үнэхээр дурсамжтай. Бид замд таарсан хүн бүхэнтэйгээ бие сэтгэлээрээ хамт явж байгаа гэж боддог. Тэр хүмүүсийг би “Жинхэнэ тэнгэрийн нүүдэлчид” гэж бодож байна.

-Нутаг усны хувьд?

-Монгол нутаг их уудам. Мориор явахад л бүр их мэдрэгдэж байна. Би өмнө нь дандаа машинтай явж өнгөрдөг байсан. Бас уудам урт гээд ярихаар хамгийн түрүүнд говь санаанд орж байна. . Говь бол ёстой “энүүхэнд байгаа” гэж хэлээд л аан заа энүүхэнд ус байгаа юм байна даа гээд явахад 15 км байдаг даа.

-МОРИОР АЯЛАХ ГЭДЭГ МОНГОЛ ОРНЫ ЭНЭ САЙХАН НУТГИЙГ МЭДРЭХЭД ХАМГИЙН ГОЁ УНАА-

-Мориор аялахад бүр их мэдрэгдэж байна гэсэн шүү дээ. Жишээ дурдвал яг юу нь онцгой байв?

-Мориор аялах гэдэг Монгол орны энэ сайхан нутгийг мэдрэхэд хамгийн гоё унаа гэж би бодсон. Энэ олон хоног аялахад надад тэгж санагдсан юм. Бас магадгүй тэмээ бас гоё байж магадгүй юм байна.

-Эмэгтэй хүний хувьд морин дээр олон хонгоор явахад хүндрэлтэй зүйл байсан уу?

-Гайгүй байсан. Явах тусам л бүр гоё санагдаад хүндрэл бага санагдсан. Япон хүний хувьд ч гэсэн нэг их бэрхшээл гэх юм байгаагүй. Ганц асуудал нь би морь муу унадаг болохоор хэцүү үедээ хэцүү л юм байна. Гэхдээ л гоё.

-ХҮН БАЙГАЛЬТАЙ ОЙРХОН БАЙХААР СЭТГЭЛЗҮЙ ҮНЭХЭЭР САЙХАН БОЛДОГ ЮМ БАЙНА. ӨӨРИЙГӨӨ ТАНИН, ХАМТ ЯВАА НӨХДӨӨ ОЛНО-

-Таны ярилцлагыг хараад хүмүүс морьтой Монгол орноороо ингэж аялж үзэхийг хүсэх байх. Гэхдээ ажил ч гэдэг юм уу. Цаг завгүй хүмүүст зориулж юу гэж хэлмээр байна?

-Юуны түрүүнд зүгээр л яаж ийгээд болгоод яваад үзээрэй гэж хэлмээр байна. Мөн аялалд гармаар байсан ч болохгүй байгаа хүмүүс “Тэнгэрийн нүүдэлчид” гээд манай фейсбүүк пэйж хуудас байгаа. Цаашдаа манай гайхалтай зураглаач Нараа маань бас бичлэг хийж байршуулах байх түүнийг нь үзээд бидэнтэй хамт аялалд явж байна гэж төсөөлөөрөй гэж хэлмээр байна. 

-Энэ урт аяллаас ойлгож авсан хамгийн чухал гэвэл?

-Говийн халуунд халж борлоод л бороотой шөнө хээр хоносон өдрүүд ч байсан. Гол нь ямар ч хатуу, хэцүү зүйл тулгарсан. Хамгийн сайхан нь хүн байгальтай ойрхон байхаар сэтгэлзүй үнэхээр сайхан болдог юм байна. Өөрийгөө танин, хамт яваа нөхдөө таньж мэднэ. Монгол нутгаар аялнагэдэг үнэхээр гоё. Эрх чөлөө мэдрүүлжхүний сэтгэлийг хатуужуулдаг юм байна гэдгийг л онцлон дурдмаар байна. 

-Сайхан үг байна. Энэ хүргээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.

- Танд баярлалаа. Бас Isee.mn болон үзэгчид та бүхэндээ амжилт хүсье. Хамтдаа аялалд явцгаая. Намайг сонирхож яриа авч байгаад би үнэхээр их талархаж байна. Өөрийнхөө хийсэн ажлын ингэж олон хүнд танилцуулна гэдэг бас гоё мэдрэмж юм байна шүү.