Халамжийн төвийн хүүхдүүдийг өсвөр насны лигт бэлтгэхээр болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн мэдээллээ

Халамжийн төвийн хүүхдүүдийг өсвөр насны лигт бэлтгэхээр болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн мэдээллээ

Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн “Степпе Арена”-гийн гаднах талбайд боллоо.

“Б.Билгүүнзул” сангаас санаачилсан уг тэмцээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүүхдүүд оролцлоо. Тэмцээн 13-15, 16-18 насны ангиллаар болж, “Б.Билгүүнзул” сан, Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, “Баясгалан” болон “Гүнж” төв, “Хөгжлийн хэлхээ”, “Толгойт хорооллын нутгийн хөгжил” зэрэг 6 байгууллагын 13 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

13-15 насны эрэгтэй ангилалд “Гүнж” төв, эмэгтэй ангилалд Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, 16-18 насны эрэгтэй ангилалд “Баясгалан”, эмэгтэй ангилалд “Гүнж” төвийн баг тэргүүлж, аваргаллаа.

“Б.Билгүүнзул” сан тус төрлийн тэмцээнийг 2023 онд төвийнхөө хүүхдүүд дунд анх зохион байгуулсан бол энэ оноос эхлэн жил бүр уламжлал болгон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн хүүхэд залуусыг хамруулах боллоо. Ирэх оноос уг тэмцээнд оролцож буй төвүүдийн шилдэг тамирчдыг өсвөр насны лигт оруулахаар бэлтгэх болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн Д.Оюунцэцэг мэдээлэв.