ВИДЕО: Нээгдээд сар ч болоогүй "Рио тинто" ХХК-ийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгийн саравчинд иргэд үг бичиж, сүйтгэжээ

ВИДЕО: Нээгдээд сар ч болоогүй "Рио тинто" ХХК-ийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгийн саравчинд иргэд үг бичиж, сүйтгэжээ

Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нь бидний төлөөллийн байгууллагуудын хийх ажил боловч нийслэл хотын өнгийг нэмсэн тохижилт, ахуйн эрүүл байдлыг хадгалж авч явах нь иргэдийн ухамсрын асуудал билээ.

Тиймээс ч бид өмнө нь Улаанбаатарт хийгдсэн дулаан автобусны буудал гэхчлэн хүндээ ээлтэй бүтээн байгуулалтыг иргэд бид өөрсдөө хэрхэн сүйтгэж буй талаар сурвалжилж байсан юм. Харин бид энэ удаа нийслэлийн зүрхэнд бүтээн байгуулаад буй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг зарим иргэд хэрхэн бохирдуулж буй талаар мэдээлэл бэлтгэлээ.

ВИДЕО: 

Тодруулбал, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хүрээнд Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласан юм. Улмаар энэ сарын 3-ны өдөр /2024.07.03/ өдөр тус цэцэрлэгт хүрээлэн үүд хаалгаа нээж, олон нийтэд нээлттэй болсон билээ.

Түүнчлэн дээрх бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн юм.

Гэтэл нээгдээд сар ч болоогүй уг ногоон байгууламжийн төв хэсэг буюу иргэдийн сүүдэрлэж, орчныг харахаар тохижуулсан томоохон сүүдрэвчийн баганан дээр иргэд үг бичиж, бохирдуулжээ.

Угтаа бол тус цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрүүлж буй иргэд тамхи татаж болохгүй, хог оо заавал зориулалтын хогийн саванд хаях, зүлгэн дээр гишгэхгүй байх гэхчлэн энгийн заалтуудыг баримтлах ёстой байдаг ч энэ нь одоогоор төдийлөн хэрэгжихгүй байгаа нь зарим иргэдийн зүлгэн дээр гишгэх, модон хашлагыг цуулах, сүүдрэвчид үг бичих гэх мэт үйлдлээс харагдаж байгаа юм.

Иймд Улаанбаатар хотод бүтээн байгуулагдсан иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, алхах боломжтой цөөн хэдэн ногоон байгууламжийг нэг болоод буй уг эко цэцэрлэгт хүрээлэнг цаашид хэрхэн авч явах нь иргэдийн ухамсрын асуудал гэдгийг ойлгож, олон нийтийн газраар соёлтой үйлчлүүлж, бүтээн байгуулалтаа сүйтгэдэг биш сэргээн авч явдаг байхыг уриалах үүднээс бид эл мэдээллийг бэлтгэн хүргэлээ.  

ФОТО: