Д.Эрдэнэбилэг, Н.Нямтайшир нарын хувийн компаниудын эзэмшиж буй “Стратегийн есөн орд”-ын 34 хувийг төр шууд эзэмших хуулийг УИХ баталлаа

Д.Эрдэнэбилэг, Н.Нямтайшир нарын хувийн компаниудын эзэмшиж буй “Стратегийн есөн орд”-ын 34 хувийг төр шууд эзэмших хуулийг УИХ баталлаа

Засгийн газраас өргөн барьсан "Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өчигдөр /2024.04.19/ УИХ-аар хэлэлцэн батлав. Гэтэл энэхүү хуульд чөлөөт зах зээлийн зарчим, уул уурхайн бизнесийг хумих хэд хэдэн ноцтой заалт орсон байна.

Тодруулбал, энэ сарын 3 /2024.04.03/-ны өдөр Засгийн газраас "Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, 16 хоногийн дотор баталлаа. Гэтэл хувийн аж ахуйн нэгжүүдийн эрхэнд халдсан, өмчийг нь дээрэмдэх гэсэн үзэл агуулж байж болзошгүй хэд хэдэн заалт "Үндэсний баялгийн сан"-ийн хуульд орж, батлагджээ. 

-СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ 16  ОРД БАЙГААГААС ДОЛОО НЬ ТӨРИЙН ӨМЧ, ҮЛДСЭН НЬ ХУВИЙН ӨМЧ-

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн байдаг. Энэхүү 27 дугаар тогтоол хоёр хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 15 орд газрыг стратегийн ордод  хамааруулсан бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 ордыг стратегийн орд газарт хамааруулсан. Харин 2015 онд баталсан УИХ-ын тогтоолоор дахин нэг орд нэмсэнээр стартегийн 16 ордыг бүртгээд байгаа юм. Эдгээр стратегийн 16 ордын зөвхөн долоо нь "Эрдэнэс Монгол"-ын харьяанд байдаг.

Тодруулбал, Оюу толгой”-н 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК, 66 хувийг Канадын “Рио Тинто” компани, “Таван толгой” болон "Ухаа худгийн" ордыг Ажнай Д.Бат-Эрдэнэ “MCS”-ийн "Энержи Ресурс" ХХК  хувааж эзэмшдэг. Мөн “Эрдэнэт”-ийг 100 хувийг төр эзэмшдэг бол “Багануур”-ын 51 хувийг төр, 49 хувийг олон нийт эзэмшдэг. “Шивээ Овоо”, “Төмөртэй”-н ордыг 100 хувь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Асгат” зэрэг долоон орд төрийн өмчийнх.

Харин “Цагаан суварга”, “Нарийн сухайт” орд нь МАК-ын Н.Нямтайширынх. “Төмөртэйн овоо” ордын 40 хувийг төр, 50 хувийг “Цайрт минерал” ХХК, 10 хувийг хувь хүн эзэмшдэг. Улмаар “Бүрэнхаан”-ы ордыг 100 хувь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх ба түүний хүү Батхишиг эзэмшдэг.  

Бороо”, “Гацуурт” ордыг Сингапурт бүртгэлтэй "OZD ASIA PTE Ltd" компаниар дамжуулж Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Улмаар манай улсын “Мардай”, “Гурванбулаг” ордыг Хятадын төрийн өмчит “Си Эн Эн Си” корпораци эзэмшдэг байна. Мөн “Дорнод”-ын ураны ордын 21 хувийг төр, 58 хувийг Канадын “Ханресурс” ХХК тус тус эзэмшдэг. Харин "Үндэсний баялгийн сангийн тухай" хуулиар газрын хэвлийн баялгийг иргэдэд эзэмшүүлэх нэрийдлээр стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хүртэлх хувийг төр шууд эзэмшиж, ногдол ашиг хүртэхээр заажээ.

-СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДЫН 20-ООС ДЭЭШ ХУВИЙГ ДАНГААР ЭСВЭЛ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ЭЗЭМШИХИЙГ ХОРИГЛОНО-

Түүнчлэн мөн хуулийн 12.4-т “Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд байна” гэж заасан нь төрийн өмчийн компани буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д эрх мэдэл төвлөрнө гэсэн үг. Мөн Баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэнэ гэжээ. Иймд эдгээр санд орлого төвлөрүүлж байгаад төсвийн алдагдлаа нөхөх, үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулах нэг хэлбэр, эх үүсвэр болохыг үгүйсгэх аргагүй юм.

Хуулийн өөр нэг ноцтой заалт нь "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд зааснаар төрд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар төлөхгүй мөртлөө бусдад эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрхээ бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн албан татвар ногдуулахаар тусгажээ. 

Түүнчлэн "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн 5.7-д стратегийн ач холбогдолтой ордын 20-иос дээш хувийг дангаар эсвэл хамаарал бүхий этгээдүүд эзэмшихийг хориглохоор заажээ. Энэ заалт хэрэгжиж эхэлбэл цаашид нэг орд олон хөрөнгө оруулагчтай болж, шийдвэр гаргалт саатах, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт удаашрах зэргээр салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Энэ бүхнээс харахад,  "Иргэдэд газрын хэвлийн баялгийг эзэмшүүлэх" гэдэг үгээр халхавчлан хувийн эзэмшлийг төрд авах хуулийг УИХ баталж байгаа нь чөлөөт эдийн засгийн эсрэг зогсож, эрх чөлөөг төр уландаа гишгэж буй явдал ч байж болзошгүй. Тухайлбал, Хотын дарга Х.Нямбаатар "Төв цэнгэлдэх"-ийг нийслэлийн эзэмшилд авч, хууль бусаар алдагдсан барилгаа төрийн мэдэлд буцаан авлаа хэмээн сайрхаж байгаа ч цаад мөн чанартаа хувийн хэвшлийг төрийн хүчээр дээрэмдэж байж ч болзошгүй байгаа. Харин "төрд авна" гэх энэ бүх үйлдэл, шийдвэрийг зарим иргэд  "ухайлан" дэмжиж байгаа нь тэдний амьдрал ядуу байгаатай ч холбоотой байж магадгүй.