ВИДЕО: Галлагааны улирал дөнгөж эхэлж байгаа энэ үед Улаанбаатарын агаарын бохирдол "хүний биед хортой, эд эрхтэнд доголдол учруулж болзошгүй" гэж зааж байна

ВИДЕО: Галлагааны улирал дөнгөж эхэлж байгаа энэ үед Улаанбаатарын агаарын бохирдол "хүний биед хортой, эд эрхтэнд доголдол учруулж болзошгүй" гэж зааж байна

Өвлийн улирал ойртож, галлагааны үе дөнгөж эхэлж байна. Идэр есийн хүйтэнд Улаанбаатар хотын иргэд урдах газраа харахгүй шахам утаан дунд амьдарч, аж төрдөг гэхэд хилсдэхгүй. Олон улсын агаарын чанарын үзүүлэлт шалгадаг станцын судалснаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо тэргүүлэгч 20 хотын тоонд  орсоор байна.

Өнгөрсөн онуудад утааны эсрэг маш олон арга хэмжээ авч, төсөв мөнгө зарцуулсан. Дурдвал 2011-2014 онд 17,8 тэрбум төгрөг зарцуулж “Хас”, “Өлзий” утаагүй зуух төслийг хэрэгжүүлсэн ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Мөн 2018 оноос одоог хүртэл сайжруулсан шахмал түлш ашиглаж байгаа ч 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот утаан дундаа сааралтсаар байна. Иймд бид энэ удаа Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, зурагт орчимд очиж, утаа хэр их байгааг тогтоож, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй эсэхийг шалгадаг аппликейшн ашиглан тус бүс нутгийн агаарын үзүүлэлтийг шалгасан юм.

ВИДЕО: 

- УЛААНБААТАР ХОТЫН УТАА “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ, ЗАРИМ ЭРХТНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГЛДУУЛНА" ГЭЖЭЭ -

Ийнхүү шалгаж үзэхэд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн хажууд байрлах агаарын чанар болон температурыг мэдээлдэг дэлгэцэнд зааснаар оройны 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаар “бага бохирдолтой” гэж заасан байна. Харин Олон улсын "Air quality index" аппликейшн дээр нийслэлийн агаарын бохирдол "291 Severe” буюу “хүний эрүүл мэндэд хортой, зарим эрхтний үйл ажиллагааг доголдолд хүргэнэ" гэж зааж байна.

Гол нь өвлийн улирал хараахан эхлээгүй үед “дунд зэргийн хортой” гэж зааж байхад ид галлагааны үеэр иргэдийн эрүүл мэндэд үүнээс илүү хор хохирол учруулах нь ойлгомжтой.

Ингээд бид Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугчдаас утаа биед нь яаж мэдрэгдэж байгаа тухай болон өмнөх улс төрчдийн авч хэрэгжүүлсэн ажил хэр үр дүнд хүрсэн талаар асууж, тодрууллаа.

Иргэд, “Гадаа дулаахан байгаа ч галлагаа эхэлсэн учир маш их утаатай болж, хоолой аргаж байна. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад хоолой аргадаггүй байсан бол сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээс хойш хоолой аргадаг болоод байгаа. Шахмал түлш гэж ер нь улс төрчдийн мөнгө идэх шалтаг л байх. Үүнийг шийдэх арга нь орон сууцыг иргэддээ түрээсийн журмаар зарах мөн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт тавьж байж утаа арилна гэж бодож байна” гэлээ.

- БАЙГАЛИЙН ХИЙ АШИГЛАН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАЛААЛТАА ШИЙДЭЖ УТААГ АРИЛГАСАН - 

Харин Агаарын бохирдлоо арилгаж чадсан бусад улс орны жишээнээс дурдвал БНХАУ-ын Бээжин хот хатуу түлшийг халж, оронд нь байгалийн хий ашиглан цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр утааг арилгаж чадсан бол Тайланд Улсын Банкок хот нийт газар нутгийнхаа 30 орчим хувьд мод тарьж, агаарын бохирдлоо 30 хүртэлх хувиар бууруулж байжээ. Мөн өөр нэгэн жишээг дурдвал Латин Америкийн Богато хот иргэдээ дугуй унахыг уриалж, цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлснээр улс орныхоо утааг бүрэн арилгаж чадсан байна. Ийнхүү одоогийн Улаанбаатар хотын утааг харвал өнгөрсөн хорин жилийн хугацаанд бид ямар ч үр дүнгүй маш их мөнгө, цаг хугацаа зарцуулжээ. Ер нь гал түлж, юм шатааж утаанаас ангижрах боломжтой юу?