УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар Х.Булгантуяаг эргүүлэн татах эсэх асуудлаар гишүүдийн дунд маргаан болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Х.Булгантуяа дэд дарга маш өндөр боловсролтой, туршлагатай. Хоёр удаа сонгогдсон, туршлагтай. Бидний хүндлэх ёстой улс төрч. Харамсалтай нь МАН хоёр хуваагдчихаад нэг хэсэг нь Үндсэн хууль зөрчүүлчихсэн. Нөгөө хэсэг нь битгий зөрчөөч гээд амаа цуцтал хэлсэн. Үндсэн хууль зөрчүүлэхээр дарамталсан. 80-тай утаснаас "дүүжилнэ шүү, наад хоёроо огцруул" гэж мессэж ирсэн. Танай бүлгийн шийдвэр бүх зүйлийг шийдэд явбал цөөнх байх хэрэг байна уу. Х.Баасанжаргал гишүүн тусад нь буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр Х.Булгантуяа дээр шийдвэр гаргах ёстой гэсэн бол үгүй. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татах эсэхийг шийднэ гэсэн байгаа" гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "УИХ-ын гишүүн бол ард түмний мандат. УИХ-ын дэд дарга бол УИХ-д бүлэгтэй улс төрийн хүчнүүд санал оруулж томилуулдаг. Тиймээс МАН-ын бүлэг УИХын гишүүн Х.Булгантуяаг ажлын туршлага чадамжийг нь үнэлж дэд даргаар томилсон. Үндсэн хуулийн цэц зөрчил гаргасан байна гэж дүгнэлээ. Тиймээс намын бүлэг өөрийнхөө дэмжлэг үзүүлсэн албан тушаалаас нь огцруулж байна. Энэ асуудал УИХ дээр байнгын хороогоор ордоггүй. Намын бүлгийн санал чуулган дээр танилцаад асуудал шийдэгддэг. Нэгэнт МАН бүлэг өөрийнхөө дэд даргыг огцруулсан бол УИХ-ын дэд даргыг томилох нэр дэвшүүлэлтээ хийж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Цэцийн дүгнэлтэй холбоотой асуудал бол УИХ-ын өөрийнх бүрэн эрхийн асуудал. Тиймээс намын бүлэг санал оруулах эрхгүй. Бид тухайн хүнд үзүүлсэн улс төрийн дэмжлэгээ ярьж байна" гэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Эхлээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэж Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулах асуудлыг хэлэлцье. Цэцийн дүгнэлтийг УИХ зөвшөөрөхгүй бол ямар нэгэн шийдвэр гарахгүй. Х.Булгантуяаг аваад үлдэх эсэх нь санал хураалтаар шийдэгдэнэ. Эхлээд УИХ-ын дэд даргыг огцруулах, дараа нь дэд дарга сонгох, дараа нь бүрэн эрх шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.
Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Дэгээрээ эхлээд Ерөнхий сайдын цагийг хэлэлцмээр байна. Х.Булгантуяаг чөлөөлөх эсэх хуваарийн дагуу дараа нь хэлэлцэж болно" гэснээр Ерөнхий сайд Г.Занданшатарын цаг эхэллээ.
ШУУД:
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        