Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажилласан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалах бэлтгэлийг базаав. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү угаасан нүүрсийг борлуулах үүрэг өглөө. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох аж. Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгаа юм" гэлээ.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        