АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалга гаргаж, хэвлэлийн хурал хийлээ.
АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Манай үндэсний жигүүр хөдөлгөөн улс эх орны нөхцөл байдал болоод АН-ын олон олон асуудалд байр сууриа илэрхийлж, хулгайч нартай тэмцэж ирсэн. Харин өнөөдөр бид дахин нэг асуудалд дуу хоолойгоо илэрхийлж байна. Төрийн том хулгай халаасны хулгай мэт энгийн хүлээж авдаг болжээ. Анх 60 тэрбум төгрөгийн хулгайн асуудал гарахад нийгэм маш хүчтэй шүүмжилж байлаа. ЖДҮ, Нүүрсний хулгай гээд олон асуудал гарлаа. Гэсэн ч одоо их наядаар хулгайн асуудал гардаг боллоо. Гэсэн ч нэг нь шийдвэрлэгддэггүй. Аль нэг фракцаа нухчин гаргах гэж гаргадаг боллоо. Энэ том хулгайнуудаас үүссэн ачааг ард иргэд дийлэхээ байлаа. Хулгайтай тэмцэх гэж байгаа Г.Занданшатар сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гээд ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр гэнэт тэнгэрээс буугаад ирсэн мэт аашилж байна. Өнөөдөр эмч, багшгүй, иргэд нь шатахуундаа оочирлож байна. Монгол төрийг сүйрүүлж байна. Энэ бол намын даргын төлөөх зодоон. Ирэх сарын 15-нд МАН намын даргаа сонгох Их хурлаа хийх гэж байгаа. Энэ хурал дээр үнэндээ намаа тарааж, ард иргэдээ амраах тухай ярих ёстой. Манай намын зарим гишүүд МАН-ын зодоонд оролцоод байна. Хулгайтай үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа бол МАН-тай тэмцэх ёстой. МАН тараах ёстой. Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг тараах тухай ярьж байсан. Одоогийн Ерөнхийлөгч мөн адил ярих ёстой. УИХ-ын тараах бус МАН-ыг тараах тухай ярих ёстой” гэлээ.
АН-ын ҮБХ-ны А.Цэрэнбат “Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр МАН татан буугдаж, тарлаа гэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. МАН өдгөө бүх хулгайг хийдэг. МАН хуралдаж цагдаа, прокурорын удирдлагаа сонгодог болсон байна. Намыг тараах хэд хэдэн үндэслэл бий. МАН-ын удирдлагуудын дарамт, хулгай, хээл хахууль зэрэг хэрээс хэтэрлээ. Ногоон автобус, ЖДҮ, Ковид, Нүүрсний хулгай зэрэг илэрсэн ч шийдэгдээгүй өдийг хүрлээ. Цаашид ч хууль, шүүхийг худалдан авч нуурсаар байх болно. МАН-ыг тараах уриалгад ТББ, иргэд идэвхтэй нэгдэхийг хүсэж байна. МАН-ыг татан буулгах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хууль бус үйл ажиллааг явуулсан нь нотлогдсон бол Улсын дээд шүүхээр намыг бүртгэхгүй татан буугдах боломжтой” гэв.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        