СУРВАЛЖИЛГА: ШУТИС-ийн оюутнууд автомашины гэмтсэн хэсгийг автоматаар жолоочийн утсанд харуулах төхөөрөмж бүтээж байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: ШУТИС-ийн оюутнууд автомашины гэмтсэн хэсгийг автоматаар жолоочийн утсанд харуулах төхөөрөмж бүтээж байна /ВИДЕО/

ШУТИС-ийн Б.Дөлгөөн ахлагчтай “Alpha tech” багийнхан “Машины гэмтэл тодорхойлогч” бүтээжээ. Тэдний санаачлан хийж буй энэхүү бүтээл нь машины мотор болон явах эд ангид эвдрэлээс үүдэлтэй дуу чимээ үүссэн тохиолдолд жолоочид мэдэгдэж, яг ямар эд анги эвдэрснийг анхааруулах төхөөрөмж бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28,28 өдрүүдэд Япон улсын Токио хотод болсон “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээнд Монгол Улсын ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн гурван оюутан багшийнхаа хамт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” санаагаараа өөрсдийн хийсэн бүтээлээ дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гардсан гайхалтай амжилтыг үзүүлэв. Мөн эл явдал нь Япон улсаас зохион байгуулж буй хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх тэмцээнд анх удаа гадаад баг оролцож, анх удаа гадаад хүн японоор илтгэл тавьсан үйл явдал болсон талаар сурвалжилж байсан.

Тэгвэл энэ удаа Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ерөнхийлөгчийн ивээл дор, БШУЯ, NTV хамтын бүтээл "Инновацын эзэд" зорилтот шоу нэвтрүүлэгт өөрсдийн “Машины гэмтэл тодорхойлогч” бүтээлээрээ оролцож байгаа “Alpha tech” багийг онцоллоо.

ВИДЕО:

Тус баг зургаан гишүүтэй. Багийн хамгийн бага гишүүн 14 настай бол хамгийн том нь өдгөө Япон Улсад IT инженер чиглэлээр суралдаж байна. Багийнхан энэ оны гуравдугаар сараас эхлэн дээрх санааг бүтээгдэхүүн болгож хамтран ажиллаж төхөөрөмжөө саажуулсаар байгаа юм. Уг санааг өнгөрсөн оны аравдугаар сард “Alpha tech” багийн ахлагч Б.Дөлгөөн гаргаж хамтрагчтайгаа судалснаар DCON тэмцээнд зориулж бүтээгдэхүүн болгохоор шийдэж эл багийг бүрдүүлжээ.

Энэ талаар Б.Дөлгөөн “Дэлхийд 1.7 тэрбум машин байдаг. Үүний 60-80 орчим хувь нь дандаа 10-аас дээс жил ажилласан, явсан машинууд байгаа. Тэр болгонд ямар нэг байдлаар дуу орсон. Эвдэрсэн нэг юм нь солигдсон байдаг. Тиймээс манай бүтээгдэхүүн тэр бүх машинуудад болон дөнгөж шинээр үйлдвэрлэгдэж байгаа машинуудад эрэлт хэрэгцээтэй. Тэр дундаа монголчууд маш их хөдөө явдаг. Хөдөө явах үедээ машин эвдэрсэн тохиолдолд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсон олон хүн байдаг. Тэдгээр хүмүүст зориулж хамгаалах зорилгоор болон засварчид ямар нэг байдлаар таны машин эндээ эвдэрсэн гэсэн ч дахиад цааш нь зөндөө олон эвдрэл гаргаж илүү мөнгө авахыг хүсдэг. Тийм тохиолдол ганц биш дэлхий даяар байдаг. Тиймээс үүнийг засах зорилгоор энэ бүтээлийг хийсэн. Та бүхэн манай төхөөрөмжийг апликейшн болон веб сайтын тусламжтайгаар хэрэглэх боломжтой. Манайх мобайл апликейшн болон хэрэглэгчдэд эвдрэлийг дэлгэцээр харуулна гэсэн зорилготой явж байна” гэсэн юм.

Тус төхөөрөмж өрсөн дээр буухдаа жолооч нарт том нөлөө үзүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, цаг хугацааг нь хэмнэхэд маш том нөлөө үзүүлэх болов уу. Учир нь багийн гишүүний хэлж байгаачлан автомашины мэдлэггүй хүмүүс засварчин дээр очиж ямар нэг байдлаар луйвардуулах буюу илүү үйлчилгээ авах, дутуу янзлах, засварлаж чадахгүй байх гэхчлэн жолоочдод тулгамдаж буй маш олон асуудлыг шийдвэрлэх юм.

Түүнчлэн “Машины гэмтэл тодорхойлогч” төхөөрөмж нь компьютер оношилгоо буюу UBT2-ын оношилж чадахгүй зүйлсийг оношлох боломжтой. UBT2 нь зөвхөн серверээр дамжуулж тодорхой хэмжээний мэдээллийг бидэнд харуулдаг. Тэгвэл “Alpha tech” багийн бүтээсэн төхөөрөмж автомашины  дуугаар нь дамжуулж UBT2-ын чадахгүй зүйлсийг бидэнд харуулах аж. Ингээд тус багийн гишүүдээс зарим зүйлсийг тодруулан ярилцсаныг хүлээн авна уу.

-Төхөөрөмж хэрхэн ажиллах вэ. Автомашин дээр жишээ авч тайлбарлавал?

-“Alpha tech” багийн гишүүн М.Төрмөнх: Манай төхөөрөмж нь машинд ямар нэг эвдрэл гарсан эсэхийг дуугаар нь таньж, гэмтлийн ойролцоох зургийг жолоочийн гар утсанд харуулна гэсэн үг. Апликейшн нь нээгдээгүй байх юм бол таны утсанд мэдэгдэл явуулна. Ирсэн мэдэгдэл дээр дармагц машинаа хэрхэн засварлах эсвэл ойролцоох засварын газрыг зааж өгдөг.

-“Alpha tech” багийн гишүүн Б.Баттулга: Жишээлбэл машин дээр тайлбарлавал манай төхөөрөмж нь машины шаталтат хөдөлгүүр гэж байдаг. Тус хөдөлгүүрийн нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр свечэ хэр гэмтсэн эсэхийг тодорхойлж болно. Мөн явах эд ангийн гэмтлийг тодорхойлж болно. Дээрээс нь UBT2-ын оношилж чадахгүй гэмтлийн оношлох боломжтой. Хэрэглээнд гармагц жолооч нар маань манай компани дээр ирж, микрофонуудаа суурилуулаад өөрийн утас юм уу зөөврийн компьютер дээр апликейшн татаад орж гэмтлээ оношлуулах боломжтой.

-Бүтээгдэхүүн зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр гарах вэ?

-“Alpha tech” багийн ахлагч Б.Дөлгөөн:  Манай бүтээгдэхүүн ойролцоогоор 600-700 мянган төгрөгийн үнэлгээтэй гарна гэж төсөөлж байгаа. Энэ нь монголчуудад жаахан үнэтэй санагдаж байж магадгүй. Гэхдээ дэлхийн зах зээлийн судалгаагаар 600-700 мянга гэдэг нь их мөнгө биш. Яагаад гэвэл японд болсон DCON гэдэг тэмцээнд оролцоход 600-700 мянган төгрөгт багтааж гаргана гэхэд “хэтэрхий хямд байна. Ийм хямд бол наад санаа чинь явахгүй” гэх санааг бидэнд өгсөн. Тиймээс бид 600-700 мянгад багтааж чадвал маш их боломж байгаа. Цааш улам дэвших боломжтой гэдгийг хэлмээр байна.

-Коосен технологийн коллежийн хэд хэдэн хүүхэд баг болж төрөл бүрийн төхөөрөмж бүтээж байна. Тэгэхээр санаа гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд та бүхэнд юу хэрэгтэй байна вэ?

-“Alpha tech” багийн гишүүн М.Мөнхтуул: Манай сургуульд нийт 200 гаруй хүүхэд суралцдаг. Энэ дундаас үнэхээр юм хийе, бүтээе гэсэн сонирхолтой хүүхэд байдаг ч хийх нь цөөхөн байдаг. Тиймээс илүү их хийж бүтээхийг хүссэн хүүхдүүд манай сургуульд суралцаж, биднийг багш боловсон хүчингээр илүү хангаж, дэмжээд явбал бид илүү ихийг хийж чадна гэж бодож байна.

-Цаашдын зорилго?

-“Alpha tech” багийн ахлагч Б.Дөлгөөн:  Одоогоор “Инновацын эзэд” гэдэг шоунд оролцож байна. Үүнээс цааш ялсан ч бай. Ялагдсан ч бай хамаагүй. Бид бүтээгдэхүүнээ өргөжүүлж Япон Улсын “тоёота” компанитай хамтрах зорилготой явж байна. Ганц Монголд биш Дэлхийд гарна гэсэн зорилготой.