Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан олон нийтээс санал авахаар d.parliament.mn хаягт нээлттэй байршуулаад байна. Хоёр долоо хоногийн туршид санал авч, тавдугаар сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Засгийн газраас энэ удаад Үндсэн хуульд цөөн агуулгаар өөрчлөлт хийхээр төслийг боловсруулсан байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа сонгодог болох гэх мэтээр өөрчлөлтийг оруулжээ. Тэгвэл уг асуудлаар зарим УИХ-ын гишүүний байр, суурийг сонслоо. Эцэстээ УИХ-аар хэлэлцэж ҮХНӨ-ийг хийх эсэхийг шийдвэрлэх билээ.
ВИДЕО:
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: ТОГТОЛЦООГООР ШАЛТАГЛАЖ
ТООГ НЭМЭХ ГЭЖ БАЙНА
-Үүнтэй холбоотойгоор куб, язгуурын арга гэх мэт олон гоё тайлбар хэлж байгаа. Гэхдээ би нэг л зүйл хэлж байгаа. Дэлхийн ихэнх орны үндэсний парламентын гишүүд 100 орчим мянган иргэнийг төлөөлж ажилладаг. Харин манайх харьцангуй бага буюу 30 мянган иргэнийг төлөөлдөг. Одоо гишүүдийн тоог хоёр дахин нэмчихвэл нэг гишүүн 15 мянган иргэн төлөөлөх нь. Бусад оронд бол орон нутгийн ИТХ, хууль тогтоох байгууллагын гишүүн л 15 мянган иргэнийг төлөөлдөг. Юун үндэсний төлөөлөл вэ. Эдийн засгийн утгаараа авч үзсэн ч зарлага ихтэй. Хүмүүс нэг их мөнгө тоодоггүй юм шиг загнаж “Их зарлагагүй шүү дээ” гэж байна лээ. Тийм биш шүү дээ. Эндээс гарах зардлыг 20, 30, 40 жилээр тооцож үз. Их мөнгө бодогдоно. Энэ мөнгөөр хэдэн үйлдвэр барьж болох вэ. Хэдэн ажлын байр бий болж болох вэ. Нэмүү өртөг бий болгодог зүйлээ байгуулъя. Татвар төлөгчдийн мөнгөөр дахин хуваарилалт хийж яах юм бэ. Дарга нарын тоог нэммээргүй байна. Хэмнэх талаар ярьж байснаа яагаад парламентын гишүүдийн тоогоо нэмэх гээд байгаа юм бэ. Миний хувьд парламентын тоог нэмэх тал дээр эсрэг байр, суурьтай байгаа. 2012 онд одоо яриад буй сонгуулийн тогтолцоогоо 76 гишүүн дээр хийж болж л байсан. Тэгэхээр тогтолцоо, тоо хамаагүй байгаа биз дээ. Аягүй энгийнээр ярихад хамаатай ч юм шиг. Үгүй шүү дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: 108 НЬ ИХ АЯТАЙХАН
ТОО ЮМ БОЛОВ УУ
-108 гэж аятайхан тоо юм болов уу. Миний хувьд 120 гишүүнээс хэтрэхгүй байх гэж бодож байна. Ер нь бол нэмэх ёстой. Учир нь нэг гишүүний ачааллыг саармагжуулах ёстой. Яваандаа цөөн хэдэн хүнийг тахин шүтээд байх логик руу орох эрсдэлтэй учраас эрх мэдлийг нь саармагжуулах ёстой. Тэгэхгүй бол “гишүүнээ, гишүүнээ” гээд өргөөд байвал хүн л юм чинь чангарах тал руу гаа орно шүү дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: 152 ГИШҮҮН НЬ Ч ЮУ ЮМ БЭ
-Нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд харъяалагддаг. Сая л гэхэд Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал давхцаж байна. Хоёр тийшээ гүйгээд асуудал руугаа гүнзгий орж чадахгүй тал бий. Гэхдээ 152 болох нь юу юм бэ. Тоог тодорхой түвшинд нэмэх нь зөв байх. Харин 152 гишүүн үү эсвэл арай бага байх уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад ярих байх.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: 76 ГИШҮҮН ХУУЛИА ТОГТООГООД
ЯВАХ БОЛОМЖТОЙ
-Үгүй ээ, тэгээд бүх түвшиндээ ярих хэрэгтэй. Ер нь 76 гишүүн хуулиа тогтоогоод явах боломжтой. Засгийн газар сайдуудаа УИХ-аас тусад нь томилвол 76 боломжтой тоо. Одоо УИХ-ын 17 гишүүн Засгийн газрын гишүүн байна. Тэгэхээр УИХ-ын, Засгийн газрын, Байнгын хорооны гишүүний ажлаа хийнэ гээд нэг хүний ачааллаас давсан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: 152 ГИШҮҮНИЙГ АРАЙ ИХ ГЭЖ БОДДОГ
-Тогтолцоог холимог болговол гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий. Харин 152 байх уу эсвэл 118, 108 байх уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад ярих шаардлагатай гэж үзэж байна. Би хувьдаа 152 гэсэн тоог арай л их гэж боддог. Хүн амын өсөлт, хөгжлийн бодлого зэргийг аваад үзвэл нэмэх шаардлага бий. Төлөөллийн эрхээ эдлэх нь ард түмний үүрэг.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР: ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.
АЙХТАР ИХ ЗАРДАЛ ГАРАХГҮЙ
- Нэгдүгээрт, нэг гишүүнд оногдож буй ачаалал их. Хоёрдугаарт, бид нар хоёроос, гурван байнгын хороонд харъяалагддаг. Гэтэл тухайн салбартаа мэргэшээгүй байдал ажиглагддаг. Энэ нь зарим хууль, тогтоомж үнэхээр сайн “чанагдаж” боловсруулагдаж чадахгүй байгааг илэрхийлж байна. Хэрвээ 152 гишүүн ороод ирвэл илүү сайн хэлэлцнэ. Ийм тооны хүний хэлэлцэж боловсруулсан хууль 76 гишүүний тэр дундаа байнгын хорооны хуралд 8-9 гишүүн хэлэлцэхээс ялгаатай. Засгийн газраас 152 гишүүнтэй болох төслийг боловсруулсан. Яахав, хэлэлцэгдээд 100 аас дээш болох болов уу гэж бодож байна. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж бодож байна. Хүмүүсийн хувьд гишүүдийн тоог нэмэхтэй холбогдуулаад зардал, мөнгө нэмэгдэнэ гэж шүүүмжилж байгаа. Айхтар зардал мөнгө гарахгүй. Бид сарын 4 сая төгрөгийн цалинтай. Утас, унааны төлбөрөө өөрсдөө төлдөг. Тойрогт ажиллахад жилдээ зургаан сая төгрөгийн хангамж өгдөг.