Авлигатай тэмцэх газраас (АТГ) “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, АТГ иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.Мөн түүнийг эхнэрийнх нь хамт шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Сануулахад, “Улаанбаатар метро” төслийг удирдаж буй Т.Мөнхдалайгийн төрсөн ах болох Т.Даваадалайгийн эхнэрийн “Авангард Уран Дизайн энд Инженеринг” гэх компани тус тендерийн сүүлчийн шатанд шалгарсан байдаг. ЭНД дарж уншина уу. Мөн түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх асуудал ч ил болсон. Эдгээр нийслэлийн мега төслүүдэд шалгарч буй түүний эхнэрийн компанитай холбоотой асуудлаар шалгалт явуулж байж болзошгүй байна. Албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулан эргэн мэдээлэх болно.