Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбан парламентын суудлаасаа татгалзах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сарын 25-нд цахим хуудсаараа дамжуулан “Би парламентад хэрэггүй, харин эх оронч хөдөлгөөнд хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
Сүүлийн сонгуулиар П.Мажарын удирдсан Тисза нам парламентын 199 суудлын гуравны хоёроос илүүг авч, илт давуу ялалт байгуулсан. Хэдийгээр Орбаны удирдсан Фидес нам ялагдсан ч Орбан намын жагсаалтаар парламентын гишүүнээр сонгогдсон хэвээр байсан юм. Гэсэн ч тэрбээр уг суудлаасаа сайн дураараа татгалзахаар шийдвэрлэсэн байна. Мөн намын удирдлагуудтай зөвлөлдсөний дараа парламент дахь Фидес намын бүлгийг Гуляш Гергей удирдахаар болсон бөгөөд тэрбээр өмнө нь Ерөнхий сайдын Тамгын газрын сайдаар ажиллаж байжээ.
Виктор Орбан 1990 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж, 2010 оноос эхлэн Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд Унгарын улс төрийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд авлигын хэрэгтэй холбоотой шүүмжлэл, иргэдийн амьжиргааны түвшин буурсан зэрэг хүчин зүйлс нь сонгогчдын дэмжлэг буурахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.