ВИДЕО: "Шатсан барилгууд"-ыг хэн ч санахгүй, хэнд ч танигдахгүй болтол өөрчилжээ. Харин ЧАНАР хэрхэн алдагдсан бол

ВИДЕО: "Шатсан барилгууд"-ыг хэн ч санахгүй, хэнд ч танигдахгүй болтол өөрчилжээ. Харин ЧАНАР хэрхэн алдагдсан бол

Хамгийн өндөр хариуцлага шаарддаг, хамтын нягт уялдаатай үйл ажиллагааны үр дүнд бий болдог зүйлийн нэг бол барилга, байгууламж. Гэвч сүүлийн үед материалууд чанаргүй, галын тэсвэршилтийн зэргийн нормыг зөрчсөн гэх мэт олон шалтгаанаас барилгын эзэн эд хөрөнгөөрөө хохирох, цаашлаад хүний амь нас эрстэх аюул учирсаар байгаа юм. Иймд баригдаж буй барилга байгууламжид гал гарсан ч дахин ашиглах нь ямар үр нөлөөтэй талаарх асуудлыг бид энэ удаа хөндлөө.

ВИДЕО:

Сүүлийн гурван жилийн хугацаанд баригдаж буй барилга шатсан нийт 42 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 2022 он гарснаас хойш 5 удаа энэ төрлийн гал гарсан дуудлага бүртгэгджээ.

Нийт гарсан галын дийлэнх тохиолдол ил галаас болж гардаг бөгөөд барилгын 10-80 хувь нь галд өртдөг аж. Харин хамгийн сүүлийн жишээ гэвэл нисэхийн тойрогт гарсан галын хувьд тус барилгын 80 хувь нь бүрэн шатсан байжээ. Мэдээж шатсан барилга байгууламж нь шатаагүй энгийн баригдсан барилгатай харьцуулбал тодорхой хэмжээний өөрчлөлт ордог байж болзошгүй бөгөөд иргэд шатсан барилгыг дахин засварласан орон сууц худалдан авах нь ямар үр нөлөөтэй талаар НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхээс бид тодрууллаа.

-БАРИГДАЖ БАЙХ ЯВЦДАА ШАТСАН БАРИЛГЫН БЕТОН ЦУУРЧ, АРМАТУРТ ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ-

Тэрбээр, “Барилга угсралтын ажил хийгдэж байх явцад тус барилга галд өртөж буй дийлэнх тохиолдол нь чанарын нормыг зөрчиж муу материалыг дур мэдэн хэрэглэхтэй холбоотой. Мөн тухайн гүйцэтгэгч компанийн ажилчдын хариуцлагагүй байдал зэрэг нөлөөлдөг. Харин галд өртсөний дараа ОБЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд юунаас болж гал алдав, хэдий хэмжээний хохирол учрав зэрэг тооцоолол дүгнэлтийг эхний байдлаар гаргаж өгдөг.

Үүний дараа эрх бүхий дүн шинжилгээ, судалгаа тооцоолол гаргадаг шинжилгээний баг шатсан барилгаас дээж аван шинжилдэг юм. Шинжилгээний баг дахин ашиглах боломжтой эсэх судалгааг хийсэн дүгнэлтийг Мэргэжлийн Хяналтын газраас дахин судалж дүгнээд эцсийн байдлаар шийдвэрлэнэ.

Баригдаж буй барилга галд өртөхдөө 30 минутаас 2 цаг 30 минут буюу 2,5 цагийн хугацаанд 140-180 хэмийн халуунд өртвөл дахин ашиглах боломжтой гэж ер нь үздэг. Гэхдээ мэдээж тухайн барилгын материалын чанар, бетон, арматур зэргээс бас хамаарч өөр өөр байна. Дээрх хугацаанаас дээш бол сэргээн засварлах боломжгүй. Нураах шаардлага бичгийг хүргүүлнэ. Хамгийн сүүлд гарсан галын жишээ нь дээр авч үзвэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нисэхийн тойргийн хажууд баригдаж буй барилга шатсан. Тухайн барилгын хувьд 80 хувь нь галд өртсөн тул бид стандартын нормоос давсан байж болзошгүй гэх үндэслэлээр барилгаасаа дээж аван шинжилгээний багаар шинжлүүлж бидэнд хариу ирүүлээрэй гэсэн актыг өгсөн” гэсэн юм.

-БУЯНТ УХАА ЦОГЦОЛБОРЫН ХАЖУУД БАРИГДАЖ БУЙ БАРИЛГЫН 80 ХУВЬ ШАТАЖ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БОЛНО ГЭХ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙХАД БАРИЛГЫН АЖИЛ ДАХИН ЭХЭЛЖЭЭ-

Иймд манай сурвалжлах баг нисэхийн тойрог буюу Буянт ухаа спорт цогцолборын зүүн талд буй шатсан барилга дээр очиход албан ёсны сэргээн засварлаж болно гэсэн акт бичгийг гараагүй байхад сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа байдалтай харагдсан юм. Мэдээж өөрийн хөрөнгөөрөө барьж босгосон барилга шатах нь нэг талдаа барилгын эзний хувьд хохиролтой хэдий ч нөгөө талдаа олон иргэдийн хөлс, хөдөлмөрөө зарцуулан орон сууцанд орох гэсэн  хүсэл, зорилгыг далимдуулж чанаргүй барилга байгууламжид оруулдаг юм биш байгаа гэсэн асуудлыг бид энэ удаа хөндлөө.