УИХ-ын гишүүн Ө.Шижирээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ. Ингэхдээ стратегийн ордуудын 34 хувийг төрийн эзэмшилд авах бодлогын шийдвэр ямар шатандаа буй, ер өмнө нь "Стратегийн" гэж тодорхойлсон ордуудын ихэнх яагаад бүрэн хувийн хэвшилд оччихсон юм гэдгийг сэдэв болгосон байна.
Мөн үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 2015 онд "Энержи ресурс" компани Хятадын талтай хамтран хийх гэхдээ "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр", "Санамж бичиг" зэрэг үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн баримт бичиг үзэглэсэн асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед "Ухаа худаг"-ийн ордыг яагаад "Энержи ресурс"-д шилжүүлснийг тодруулжээ.
Ө.Шижир гишүүний асуулгад,
- УИХ 2007 онд 16 ордыг стратегийн ордод хамруулсан атал талаас илүүг нь яагаад төр эзэмшээгүй вэ?
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34 ба түүнээс дээш хувийг төрийн мэдэлд авах ажлын явц ямар байна вэ?
- УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэргүйгээр 2015 онд Энержи Ресурс компани гадаадын аж ахуйн нэгжтэй байгуулж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн гэж юу байв?
- Дээрх баримт бичгийн үр дүнд 13.97 тэрбум юанийн алдагдлыг дурдаж, цаашид энэ алдагдлыг нэхэхгүй болсныг гадаадын аж ахуйн нэгж дурдсан байна. Энэ нь улсын эрх ашгийг хангах чиглэлгүйгээр Энержи Ресурс компанийн байгуулсан хэлэлцээр нь хөрш хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгах хүртэл эрсдэл үүсгэж болох байсан бөгөөд энэ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн албан тушаалтнуудаас тодруулга авмаар байна?
- С.Баярын Засгийн газар 2008 онд яагаад нөхөн төлбөр гэдэг үндэслэлээр мөнгөн хөрөнгө биш стратегийн нүүрсний ордыг Энержи Ресурс компанид эзэмшүүлсэн юм бэ?
- Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Энержи Ресурс компанид нөхөн төлбөр болгож, 2012 оны ам.долларын ханшаар 60.3 сая ам.доллар олгосон юм бэ? гэж тус тус дурдсан байна.