Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров нурууны архаг гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр зарлаж байсан. “Үлэмж биет” хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноров гэнэт ийн зодог тайлах болсон нь сүмо сонирхогчдыг гайхшруулж байсан билээ.
Тэгвэл сүмоч А.Ичинноров зодог тайлаад удалгүй кино урлагт хүч сорихоор АНУ-ыг зорьсон юм. Тэрбээр 1900 оны үед Японы сүмочид Америкт аялж байгаа түүхийг өгүүлсэн “The Wide West” гэх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн бөгөөд энэхүү уран бүтээл тавдугаар сард Каннын кино наадмаар нээлтээ хийж аж.
Тус кинонд Ичиножёо, жюүрёод барилдаж байсан Хишёонофүжи хоёр сүмо бөхийн дүрийг бүтээжээ. Гэхдээ Ичиножёо АНУ-д ИЧИ нэрээр жүжигчний замналаа өрнүүлэх гэнэ.
Киноны ерөнхий продюсер Andrew Freund “Тэрбээр хэдийнэ зодог тайлсан тул сүмо бөхийн нэрээрээ явах нь тохиромжгүй гэж үзсэн. Ингээд багаараа ярилцаж байгаад Ичи гэдэг нэр сонголоо. Гадаадын хүмүүст цээжлэхэд хялбархан, Ичинноров хэмээх монгол нэртэй нь ч холбогдож байгаа юм. Ичи үгээ маш сайн цээжилж, дасгал хийдэг. Зураг авалт дээр найруулагч ОК гэж хэлсэн ч би илүү сайн чадна гээд дахиж зураг авахуулдаг. Мэргэжлийн сүмод түрүүлж байсан хүн аргагүй өөр юм” гэж тайлбарлажээ.
Харин түүнтэй хамт гол дүр бүтээсэн бодибилдингийн дэлхийн гурван удаагийн аварга Александр Невский “Би олон тулааны урлагийн тамирчидтай хамт кинонд тоглож байсан. Анх удаагаа сүмо бөхийн одтой хамтран ажиллаж үзлээ. Сүмочдыг хатуу сахилга баттай гэж мэддэг байсан ч дүр бүтээхийг нь харах үнэхээр сайхан байлаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.