"Нэст Эдүкэйшн" сургуулийн бага ангийн сурагчдыг кварцын гэрэлд хичээллүүлж, хүүхдүүд хордсон ноцтой хэрэг гарсныг Г.Төмөрзаяа захирал "нууцалжээ"

"Нэст Эдүкэйшн" сургуулийн бага ангийн сурагчдыг кварцын гэрэлд хичээллүүлж, хүүхдүүд хордсон ноцтой хэрэг гарсныг Г.Төмөрзаяа захирал "нууцалжээ"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа анги танхимд хичээллэж байхдаа хордож, эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орох тохиолдол цөөнгүй гардаг.

Тухайлбал,  2023 онд Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид үл мэдэх зүйлд хордож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, сургуулийн үйл ажиллагааг түр цахимд шилжүүлж байсан. Мөн 2022 онд Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн сурагчид "Нулимс асгаруулагч" хийнд хордож, хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, ар гэрийнхэн нь багагүй сандарч байсан билээ. 

-КВАРЦЫН ГЭРЭЛ АСААЛТТАЙ ҮЕД ТЭР ОРЧИНД ХҮН БАЙХЫГ ХОРИГЛОДОГ БАЙНА- 

Тэгвэл Г.Төмөрзаяа захиралтай "Нэст Эдүкэйшн" бага сургуулийн сурагчид кварцын гэрэлд олон цаг хичээллэснээс нүдэнд нь цус хурж, арьс нь түлэгдэж, хордсон ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар улирлын хичээл эхэлдэг өдөр буюу нэгдүгээр сарын 27 /2025.01.27/-ны өдөр "Нэст Эдүкэйшн" бага сургуулийн Хан-Уул дахь салбар сургуулийн 2 дугаар ангийн самбарын дэргэдэх кварцын гэрлийг бүтэн өдрийн турш асаалттай хичээл орсон байна.

Улмаар сурагчид хичээлээ тарж, гэртээ харихад хүүхдүүдийн нүд улайж, нүүрний арьс нь түлэгдэж, хордлогын шинж тэмдэг илэрсэн байгаа юм. Харин сурагчдын ар гэрийнхэн дээрх кварцын гэрэлтэй холбоотой мэдээллийг тухайн үед аваагүй байсан тул өөр өөрсдийнхөө хүүхдийг "Нүдний өвчин" туссан байж болзошгүй хэмээж, ангийнхаа групп чатад энэ талаар бичсэнээр чухам юу болов гэдэг асуудал үүссэн байна.

Ингээд ангийн багш болон сургуулийн захиргаанаас тодруулахад "А багштай 2 дугаар ангийн хичээлийн танхимын кварцын гэрлийг удаан хугацаанд асаалттай хичээл орсноос хүүхдүүдийн нүд улайж, арьс түлэгдэж, хордсон" болохыг мэджээ. Хамгийн ноцтой тухайн үед сургуулийн зүгээс "кварцын гэрлийг өглөөний 06:00-09:00 цагийн хооронд асаасан" гэж эцэг, эхчүүдэд мэдэгдсэн байна. Гэтэл камерын бичлэгт тухайн кварцын гэрлийг 06:30 цагаас 15:40 цаг хүртэл буюу хичээл орж байх хугацаанд бүтэн асаалттай байсан нь бичигдэн үлджээ. 

Ариутгалын кварцын гэрэл буюу хэт ягаан туяаны гэрэл нь өрөөн дэх өвчин үүсгэгч нян, бактери, хананы хөгц зэргийг устгаж, өрөөг ариутгадаг гэрэл аж.

Тухайн хэт ягаан туяаны гэрлээр ариутгал хийж байх явцад өрөөнд хүн, амьтан байлгахыг хориглодог байна. Учир нь кварцын гэрэл нь хүний биед генийн өөрчлөлт оруулах хэмжээний хүчтэй туяа ялгаруулдаг учир ийнхүү хүн байгаа орчинд кварцын гэрлээр ариутгал хийхийг хориглодог байна. Гэтэл "Нэст Эдүкэйшн" бага сургууль нэг ангийн сурагчдыг хагас өдрийн турш самбарын хоёр талд байршуулсан кварцын гэрлийг асаалттай хичээл орсноос сурагчид эрүүл мэндээрээ хохироод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Төмөрзаяа захирал энэ талаарх мэдээллийг нууцалж, сурагчдын ар гэрийнхнээс уучлалт гуйж, хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлыг хариуцахаа мэдэгджээ. Харин кварцын гэрэлд хордсон сурагчдын эр гэрийнхэн цаашид хүүхдүүдэд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрч, хордлоно нь хожуу илэрвэл яах вэ гэсэн айдастай байгаа аж. Ер нь тухайн сургуулийн багш, ажилчдын хариуцлагын тогтолцоо муу байдаг талаар ч эх сурвалж мэдээлж байгаа юм. Жилийн 10 сая төгрөгийн сургалтын төлбөритэй атал "Нэст Эдүкэйшн" бага сургуулийн Хан-Уул дахь салбар сургууль нь орон сууцны хотхон дотор байрладаг бөгөөд биеийн тамирын стандартын заалнаас эхлээд стандарт шаардлага хангасан гэхэд эргэлзээтэй орчинд боловсролын үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тодотгож байгаа юм. 

Бид тухайн сургуулийн захиргаанаас дээрх мэдээлэлтэй холбоотойгоор байр суурийг нь тодруулж, эргэн мэдээлэх болно.  

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө