Бизнесийн орчны асуудлаар “Монголын эдийн засгийн форум”, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл, Бизнесийн зөвлөлөөс хамтран өнөөдөр /2025.02.12/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од ярихдаа “Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Бизнест ээлтэй монгол” хөтөлбөрийг чухал ач холбогдолтой хэмээн үзэж бид дэмжиж байна. Энэхүү хөтөлбөр бол бизнесийг боомилж байгаа бизнес эрхлэхэд саад тотгор учруулж буй чөдөр тушааг халахад зориулсан хөтөлбөр гэж бидний хувьд ойлгож байгаа. Тийм учраас бид нэн даруй хамтран ажиллаж байна.
-ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХЭЛЖ БАЙГАА БИЗНЕСИЙН ТАТВАРЫГ ТӨР 100 ХУВЬ ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ-
Бид энэ хүрээнд нэгдүгээрт татварын орчинг нэн даруй цогцоор нь шинэтгэх ёстой гэж үзэж байна. Хувь хэмжээг бууруулах юм уу, өөрчлөх биш цогцоор нь шинэтгэл хийж, жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгч, залуучууд эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бизнесийн татварыг төр 100 хувь чөлөөлж тодорхой хугацаанд өсч дэвших, бойжих боломжийг нь олгох ёстой. Татварын асуудалд мөн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал багтаж байгаа. Аж ахуйн нэгж өнөөдөр 25 хүртэл хувийн шимтгэл төлж байна. Тийм учраас энэ дарамт болон зүй бусаар зөрчигдөж байгаа эрх үүргээ ухамсарлаж шинэтгэл хийх ёстой.
-ХУУЛИАС ДАВСАН БОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАРГАСАН БАРИМТ БИЧГҮҮД БИЗНЕСТ ДАРАМТ БОЛЖ БАЙНА-
Нөгөө талаар хоёр дахь том асуудал бол зөвшөөрлийн асуудал. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжээд гурван жил болж байна. Нийтдээ 372 зөвшөөрөл байгаагаас 251 нь тусгай, 120 нь энгийн зөвшөөрөл. Хэдийгээр зөвшөөрлийн тоог багасгасан боловч зөвшөөрлийн шинж чанартаа эргээд төлбөр хураамж маш ихээр төвлөрдөг. Хуулиас давсан болон хуулиа зөрчиж гаргасан баримт бичгүүд бизнест дарамт болж байна. Тиймээс эдгээрийг халж, үндэсний танхим, бизнесийн ассоциаци бизнесийг төлөөлсөн байгууллагуудад зөвшөөрлийн эрхийг нь шилжүүлж, тэн хагасаас илүүг нь халах хэрэгтэй гэж МҮХАҮТ-аас үзэж байна” гэсэн юм.