Ч.Лодойсамбуу: Нотлох баримт хангалттай байгаа тул Л.Оюун-Эрдэнийг яаралтай огцруулах нь зүйтэй

Ч.Лодойсамбуу: Нотлох баримт хангалттай байгаа тул Л.Оюун-Эрдэнийг яаралтай огцруулах нь зүйтэй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буйтайгаа холбогдуулан өнөөдөр /2025.02.07/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Албан ёсоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай бичгээ үйлдээд гарын үсэг цуглуулахад бэлэн болж байна.

Энэ бичигт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танаа, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай,

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлээд, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын тухай зүйлийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүдтэй хамтарч гаргасныг тус тус үндэслэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.

Үндэслэл:

  1. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрхийг хангуулах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж, Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийг үл тоосон, эрх зүйт төрийн суурь зарчмын эсрэг шийдвэр юм.
  2. Ардчилсан тогтолцооны язгуур болох улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах үйл ажиллагааг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээдэд нь Засгийн газрын харъяаны байгууллагын шалгалт оруулах гэх мэт дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах байдал даамжирсан.
  3. Хуулийн хэрэгжилт засаглалын хямрал. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна.
  4. Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг тооцоо судалгаагүйгээр, яаралтай горимоор оруулж ирэн хэлэлцүүлж, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар өөр санал бодолтой байгаа гишүүд рүү илтэд дайрах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд гүтгэлэг тараах, нэр төрийг нь гутаах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа нь хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдаж байгаа ноцтой үр дагавар бүхий үйл явдал юм. 

Монголын төр авлигад улам бүр идэгдэж, дэлхийн хамгийн хурдтай авлигажиж байгаа, авлигыг устгах боломж хумигдаж байгаа улс орнуудын нэгд тооцогдож байна. Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж, макро эдийн засгийн бодлогогүй, эрдэс баялгийн салбарын орлогоор бүрдүүлсэн, хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болгож байна. Ажиллах хүчний үлэмж хэсгийг орлоготой байлгадаг жижиг дунд бизнесийн элдэв зөвшөөрөл, хяналт шалгалт зэрэг төрийн албаны хүнд сурталд дарлагдаж, үйл ажиллагаа нь улам бүр хумигдаж, багагүй хэсэг нь үүд хаалгаа барьсаар байна. Татварын бодлого оновчгүй, тогтолцооны авлига хүнд суртал газар авсанаар татвар төлөгч, аж ахуйн нэгжүүд хохирч, татвар төлдөггүй хэсэг нь хожоод үлддэг тогтолцоо бий болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд гаргасан бүх алдаатай бодлого, хариуцлагагүй байдлыг бүрэн илэрхийлэхгүй боловч Үндсэн хууль, бусад хуульд заасан Ерөнхий сайдын үүргийг биелүүлэх чадваргүй болохыг нотлох хангалттай баримт мөн. Тиймээс эрх зүйт ёсыг сэргээн тогтоох, ардчилсан тогтолцоог хамгаалах, нийгмийн тогворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байгаа. 

Монголын парламентын гишүүд Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд санаандгүй байдлаар би ганцаараа эсэргүүцэж таарсан. Одоо тэр асуудал давтагдахгүй байх гэж найдаж байгаа. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Тэр сонгуулиар юу ярьсан, тэр бүгдийг санаад гишүүд маань нам харгалзахгүйгээр, Монголын нийгмийн хамгийн үнэт зүйл болох ардчиллаа хамгаалаад нэгдэнэ гэдэгт найдаж байна. Гишүүдээ мөн уриалж байна. Өнөөдрийн байдлаар Ж.Баярмаа гишүүн энэ саналд нэгдэж гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн. Цаашид гишүүд нэмэгдэх тоолонд мэдээллээд явахаас гадна зурахгүй татгалзаж байгаа гишүүдийн саналыг бас мэдээллээд явна" гэлээ. 

LIVE: