Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг олон нийтийг сэрдхийлгэж, угаарын улмаас амиа алдсан иргэдийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуулт хариултаа нэхэж байна.
Угаарын хийн хордлогын улмаас сүүлийн 7 жилийн хугацаанд 779 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нас барсан бол 163 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас баржээ. Харин тухайн хүмүүсийн амь насаа алдсан хэрэгт хэн хариуцлага хүлээв, тэдний хохирлыг хэн, хэрхэн барагдуулав гэдэг мэдээлэл байхгүй энд хүрчээ.
Харин угаарын улмаас амиа алдсан иргэд Монгол Улсын Засгийн газар, Тавантолгой түлш компаниас хохирол нэхэмжилж байсан ч үр дүнд хүрч байгаагүй баримт байна.
Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг худалдан авч түлээд, тэр шөнөдөө угаартаж, 3 настай охин Г.Ялгуун нас барж, ээж Г.У нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь хүртэл алджээ.
Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монгол Улсын Засгийн газар, Тавантолгой түлш компаниас охиныхоо амь нас, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хариуцагч нь болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэн учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч Тавантолгой түлш ХХК-аас 7,1 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 490,246,800 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийг 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч Тавантолгой түлш ХХК анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.1 сая төгрөгийг өгөхгүй хэмээн давж заалдсан байна.
Харин Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх шийдвэрийг гаргажээ. Товчхондоо, угаарын улмаас амиа алдсан иргэдийн хохирлыг хэн ч барагдуулдаггүй, үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй энд хүрсэн нь дээрх шүүхийн магадлалаас харагдаж буй юм. Үүнийг нь “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол"-ын үеэр хохирсон иргэд хэлж байсан юм.