Өмгөөлөгч М.Хандармаа нарт гаргасан Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярын гомдлыг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Өмгөөлөгч М.Хандармаа нарт гаргасан Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярын гомдлыг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 6 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө гарсан билээ.

Уг харамсалтай хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн том хүү О.Одбаяр энэ сарын 06-ны өдөр  олон нийтэд хандаж, гомдолтой байгаагаа илэрхийлснээр уг асуудал олны анхааралд ороод буй. Тухайн үйл явдалтай холбоотойгоор иргэн О.Одбаярт өмгөөлөгч М.Хандармаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон талаараа мэдээлсэн.

Ингэхдээ тэрбээр "О.Одбаярын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Ар гэр рүү нь ч дайрч байна. Дээр нь улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. О.Одбаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө маш их сандарч буруу зөрүү ярьсан зүйлс байгаа. Хоёрдугаарт, янз янзын байдлаар дарамтлахаа боль. Хүү сэтгэлзүйн хүнд байдалд байна. Энд тэндээс байнга утасдаж байна. Гэрийнх нь гадаа машинаар отож, гэр рүү нь дайрч орж ирээд бичлэг хийсэн байна. Сэтгүүлч нар ёс зүйтэй баймаар байна. Хүүгийн асуудлыг бусад зорилгоор ашигламааргүй байна" гэхчлэнгээр мэдээлэл хийсэн байдаг. Мөн Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяртай холбоотой ноцтой мэдэгдлийг хийсэн юм. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр өмгөөлөгч М.Хандармаа болон  Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худал мэдээлэл тараасан, захидал харилцааны болон хувийн мэдээлэл задруулсан хэмээн үзэж, хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байна. Түүнийг энэхүү гомдол мэдээллийг бүртгэлд авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.