Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн газарт нэг ч барилга байшин бариулахгүй

Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн газарт нэг ч барилга байшин бариулахгүй

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрт нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ.

Олны нэрлэдгээр Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцгойлон мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж байсан. Түүнээс хойш нийслэлчүүдийн ирэх дуртай газрын нэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тийм учраас “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркын хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана байна,  хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх  эхний алхам нь хашаа хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.

Нөгөөтэйгүүр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Урьд өмнө нь Улаанбаатар хот хөрөнгөгүйгээс хөгжлийн хувьд урагшлахгүй өнөөдрийг хүрсэн. Нийслэл хотын даргын ажлыг хүлээн авахад 2021 оны  хотын хөрөнгө оруулалтын хэмжээ 29 тэрбум төгрөг л байсан. Тэгвэл  2022 онд 900 тэрбум болгож өргөжүүлж чадлаа.  Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хэрээр бүтээн байгуулалтыг илүү далайцтай өрнүүлнэ. 2022 он бол бүтээн байгуулалт өрнөж, ажил ундарсан жил байх болно. Зөвхөн ҮСАХ-д гэхэд энэ онд нийслэлээс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Парк бол Улаанбаатар хотын уушиг. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж хааснаас болж паркыг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-ийн захиргаанд шуурхай ажиллаж,  бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд  ажиллуулна. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс ҮСАХ-ийн газарт нэг ч барилга байшин бариулахгүй гэдгийг мөн үеэр амласан.

ҮСАХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:

-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галлерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Ингэснээр ҮСАХ дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ.  Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн загвараар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хашаа хайсыг буулгаснаар иргэд дуртай үедээ ирж салхиалах, хүүхэд залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдүүлнэ. Сагс, хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь тохижуулан бий болгохоор төлөвлөсөн гэсэн юм.

Нийслэлчүүдэд зориулсан нийтийн  эзэмшлийг нийтэд зориулах зорилготой “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд ийнхүү ҮСАХ-г тойруулан барьсан төмөр хашаа хайсыг буулгаж эхэллээ. Дөрөвдүгээр сарын  1-нээс тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР