АНУ, Израилийн Иранд хийсэн цохилтоос хойш гурван сарын дараа Вашингтон, Тегераны хоорондох сөргөлдөөн намжихгүй хэвээр байна. Харин ч хэлэлцээ гацаанд орж, шинэ мөргөлдөөн гарах эрсдэл нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ.
АНУ Иранаас уран баяжуулалтаа 20 жилийн хугацаанд зогсоож, өндөр баяжуулсан ураны нөөцөө шилжүүлэхийг шаардаж байгаа бол Тегеран Ираны боомтуудын бүслэлтийг зогсоох, аюулгүй байдлын баталгаа өгөх, Ормузын хоолой дахь бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг шаардсаар байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саяхан Иранд хандан “цаг цохиж байна” гэж анхааруулж, Тегеран хурдан шийдвэр гаргахгүй бол “юу ч үлдэхгүй” хэмээн мэдэгдсэн.
Гэвч Ираны тал пуужингийн хөтөлбөр, цөмийн чадавх болон Ормузын хоолойн хяналтыг улс орныхоо оршин тогтнох үндсэн баталгаа гэж үзэж байгаа тул буулт хийх боломж бага хэвээр байна. Олон улсын хямралын бүлгийн шинжээчид “хоёр тал хоёулаа цаг хугацаа өөрсдийн талд байна гэж үзэж байгаа нь тохиролцоонд хүрэх боломжийг хааж байна” хэмээн дүгнэжээ. Үүний зэрэгцээ Иран Ормузын хоолойн хяналтаа хадгалсаар байгаа нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтэд дарамт үүсгэж, нефтийн үнийг өсгөжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Тегеран урт хугацааны дайнаас зайлсхийх сонирхолтой байгаа ч үндсэн шаардлагуудаасаа ухрахгүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Reuters