У.Ганбаяр: Бид унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангадаг болгохын тулд л Засгийн газрыг шүүхэд өгсөн. Тэрнээс уламжлалыг үгүйсгээгүй

У.Ганбаяр: Бид унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангадаг болгохын тулд л Засгийн газрыг шүүхэд өгсөн. Тэрнээс уламжлалыг үгүйсгээгүй

Өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газар цар тахлын нөхцөлд хүүхдийг оролцуулан хурдан морины уралдаан зохион байгуулах тогтоол баталсан. Харин тухайн үед “Лантуун дохио” ТББ тогтоолыг эсэргүүцэж, “Засгийн газар хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлийг өнгөрсөн Даваа гараг/2022.03.07/-т давж заалдах шатны шүүх хэлэлцэж Засгийн газрын гаргасан тогтоол “хүүхдийн эрхийн зөрчил болох”-ыг тогтоон шийдвэрлэсэн юм. Уг асуудлын хүрээнд бид “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяртай ярилцлаа.

-ХҮҮХДИЙН ЭРСДЭЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ТӨР ӨӨРӨӨ ХАРИУЦАЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ИНСТИТУТ АТЛАА ЭРХИЙГ НЬ ЗӨРЧСӨН ШИЙДВЭР ГАРГАСАН-

-Засгийн газрын гаргасан тогтоол хүүхдийн эрх зөрчсөн гэж та бүхэн үзсэн. Ингэж үзэх үндэслэл нь чухам юу байв?  

-Өнгөрсөн оны зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газар 171 дүгээр тогтоол баталсан. Уг тогтоолынхоо дагуу баяр наадам зохион байгуулах шийдвэрүүдийг гаргаж, аймгуудад чиглэл өгсөн. Тогтоолыг эргэж харвал хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн буюу мэдсээр байж хүүхдийг эрсдэлтэй бүс рүү шууд оруулсан нэг хэлбэр байсан юм. Ялангуяа цар тахлын үед хүүхдийн эрсдэл, аюулгүй байдлыг төр өөрөө хариуцаж, үүрэг хүлээх институт атлаа эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргасан. Тиймээс бид Засгийн газар мэдсээр байж хүүхдийн дээд ашиг сонирхол буюу хүүхдийг эрсдэлтэй бүс рүү түлхэж байна гэж үзэж, тухайн үед нэгдүгээрт, уг тогтоолыг хүчингүй болгох, хоёрдугаарт, орон нутагт өгсөн чиглэлээ хүчингүй болгох гэсэн гол чиглэлүүдийг барьж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Зургадугаар сарын 29-ны өдөр хэрэг үүсэж, бид  албан ёсоор нэхэмжлэлийн дагуу шүүхэд хандсан байгаа. 

-Үүний дараа Засгийн газар тогтоолоо цуцалсан шүү дээ. Харин та бүхэн нэхэмжлэлээ эргүүлэн татаагүй?  

-Яваандаа Засгийн газар тогтоолоо цуцлаад “эрсдэлтэй нөхцөл байдалд хүүхдийг морь унуулахгүй. Наадмыг зохион байгуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч бидний зүгээс Засгийн газрын гаргасан тогтоол хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэдгийг тогтоолгох нэхэмжлэл болгож өөрчилсөн. Шүүх хуралдаан янз бүрийн асуудлаар нийт долоон удаа хойшилж, өнгөрсөн оны 11 дүгээр сард эцсийн байдлаар товлогдож шийдвэр гарсан. Анхан шатны шүүхээс бидний шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн. Зарим хэсгийг үндэслэлгүй гэсэн байдлаар үгүйсгэсэн. Ямартай ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн юм байна, хүүхэд хамгааллын хууль болон хүүхдийн эрхийн конвенц, олон улсын өмнө хүлээсэн үүргээ төр өөрөө биелүүлээгүй юм байна гэдэг дүгнэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

-Яг энэ төрлийн асуудлаар Засгийн газрын шүүхэд өгсөн кейс байдаг уу?

-Иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан нэхэмжлэл гаргаад Засгийн газрыг шүүхэд өгсөн кейс байдаг. Үүний үр дүнд өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон 53-р тогтоолыг батлуулсан.

Харамсалтай нь одоог хүртэл өөрсдийн ашиг сонирхлын төлөө хавар, өвлийн уралдааныг нууц, далд хэлбэрээр зохион байгуулж хүүхэд эрүүл, мэнд амь насаараа хохирсон хэргүүд гарсаар байна. Саяхан хүртэл нэг хүүхэд маш хүн бэртэл авсан, хүүхэд нас барсан харамсалтай хэрэг ч гарсан.

Энэ бүх процесс дээр ялангуяа Уяачдын болон бусад холбоо нь нэгдсэн байр суурьтай байж, хариуцлагатай ханддаг болоосой. Ядаж л хурдан морины уралдаан зохион байгуулахад уяачдад хяналт, шаардлага тавьдаг, зөвшөөрөлгүй уралдааныг хориглодог системтэй болоосой. Дур мэдэн, зөвшөөрөлгүй зохион байгуулж байгаа уралдаанууд л хамгийн их эрсдэл дагуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна шүү дээ.

-ХҮҮХДИЙН АМЬ НАС УЛАМЖЛАЛЫНХАА ДООР ОРОХ ЁСГҮЙ. ГЭТЭЛ ОДОО ХҮҮХЭД БИШ УЛАМЖЛАЛ НЭГТ ГАРЧХААД БАЙНА-

-Гэвч зарим хүний зүгээс “энэ бол уламжлал, өв соёл. Та нар уламжлалыг үгүйсгэж байна” гэсэн байр сууриар энэ асуудлыг харж байсан шүү дээ?

-Нийтлэг утгаар нь харж үзвэл бид өв соёл, уламжлал гэдэг зүйлийг үгүйсгээгүй. Харин ч уламжлалыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдал, дээд ашиг сонирхлыг хамгийн түрүүнд хангадаг болохыг хүссэн. Үүнийг хангадаг болсон цагт харин ч олон улсын түвшинд морин спортыг үнэлж, дүгнэдэг болно гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа. Морин уралдааныг зогсоох биш. Хүүхдийн аюулгүй байдлыг хангадаг байгаа ч ээ гэсэн зүйлийг л бид уриалаад байгаа юм. Монгол уламжлал, хүүхдийн эрх гэдэг хоёр зүйлийг заавал жинлэх шаардлага байхгүй. Уг нь ухамсраараа хүүхдийн амь нас уламжлалынхаа доор орох ёсгүй. Монгол соёл уламжлалаар хүүхдийг ямар их хайрлаж, хамгаалдаг билээ. Гэтэл одоо хүүхэд биш уламжлал нэгт гарчхаад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Үргэлж хүүхэд нэгт, хүүхдийн дээд ашиг нэгт. Тэгээд уламжлалаа давхар хамгаалъя. Тэгж байж нэг талдаа зөв шийдэл гаргаж, ойлголцоно.

-Таны харж буйгаар  унаач хүүхдийн эрхийг хамгаалсан хууль эрх зүйн орчин Монголд хэр хөгжсөн байна вэ?

-Унаач хүүхэдтэй холбоотой эрх зүйн орчинд дутуу дулимаг зүйлс их байна. Баяр, наадмын тухай хуульд л хоёр, гурван заалт орсноос хэн хариуцлага хүлээх юм, хэн ажиллах ёстой юм гэдэг дээр илүү нарийн хариуцлагажуулсан заалтууд дутуу байна. Нарийн системүүд нь үүсээгүй учраас хүүхэд хамгааллын талаас, уламжлалын талаас сайжруулах зүйл ч их байна. Төр, иргэний нийгмийн болон боловсролын байгууллагуудтай хамтран адаглаад хүүхдийн боловсролын хоцрогдлыг хүртэл тооцож, морь унуулдаг асуудлыг маш олон талаас нь харж шийддэг болох хэрэгтэй гэсэн уриалгыг “Лантуун дохио” гаргаж байгаа. Түүнээс уламжлалыг үгүйсгэж, хэзээ ч морь уралдуулж болохгүй гэсэн зүйл ерөөсөө биш юм.

-Давж заалдах шатны шүүхээс хүүхдийн эрхийн зөрчил юм байна гэдгийг тогтоочихлоо. Үр дүн нь юу байх юм бэ?

-Нэгдүгээрт засгийн газраар иргэд хохирлоо барагдуулах эрх нь үүснэ гэсэн үг. Хоёрдугаарт, сайн жишиг тогтоно. Засгийн газар хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй газар. Дараа дараагийн удаа хүүхдийн дээд ашиг сонирхолыг бодож шийдвэр гаргаж байх ёстой юм байна гэдгийг энэ жишээнээс харж, ойлгох болов уу. Гуравдугаарт, Уяачдын холбоо болон бусад хүнд дутуу үлдээсэн зүйлээ олж харах боломж гэж харж байгаа. Үнэхээр яагаад Уяачдын холбоо хүүхдийн эрхийг хангадаг байж болохгүй гэж, яагаад хүүхдийн эрхийн төлөө зөв шаардлагуудыг тавьж болохгүй гэж.

-Унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндөхөөр уяачид яаж хүлээн авч байна?  

-Хүүхдийн эрхийн байгууллага болон хуульчид унаач хүүхдийн эрх гэж ярихаар дийлэнх уяачид дургүйцэж хүлээж авдаг. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн хүмүүсийг элдвээр доромжлох буруу хандлага бий. Нэг талаасаа тэд хүний эрх, хүүхдийн эрх, нийгмийн харилцааны талаар ойлголт, мэдлэг дутуу байгаа учраас зөвхөн өөрсдийн нэг байр сууринаас асуудлыг хараад байгаа юм.

Тэгэхээр Уяачдын холбоо ч юм уу, уяачдын эрх ашгийг хангадаг хүмүүс яагаад тэдэнд хүний эрхийн мэдлэг олгох тал дээр иргэний нийгмийн болон боловсролын байгууллага, хуульчидтайгаа хамтарч болохгүй гэж.

Яагаад зөв шаардлагуудыг холбооны хүрээнд тавьж болохгүй гэж. Яг үнэндээ иргэний нийгмийн байгууллагууд холбоодын асуудалд оролцоод байгаа шалтгаан нь хүүхдийн эрхийн асуудалд гарч буй алдаа дутагдлыг л засах шүү дээ.

Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр

-УЯАЧДЫН ХОЛБОО ЭНЭ АСУУДЛЫГ ЯРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХҮҮХДҮҮДЭЭС САНАЛЫГ НЬ АСУУДАГ, ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Өнгөрсөн долоон хоногт Монголын Үндэсний Морин уралдаан хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлэгт уяачид болон танай байгууллагаас оролцсон. Тэгэхээр хэлэлцүүлэгт талууд ямар асуудлыг хөндөв, ямар шийдэл эрэлхийлэв?

-Уяачдын холбооноос шийдвэр боловсруулах зорилготой хурал зохион байгуулж, нөгөө талаас хүүхдийн эрхийн асуудлыг хөндөх чиглэлээр манайх оролцсон. Хуралд хүмүүсийн хэлсэн саналуудыг сонссоны үндсэн дээр бид зарим нэг зүйл дээр ойлголт мэдлэг дутуу юм байна, зарим нэг зүйлийг илүү нарийвчилж судлах ёстой юм байна, ийм өнцөг байж болох юм гэдгийг олж харсан. Мөн дараагийн удаа уяачдын холбоо, иргэний нийгмийн болон боловсролын байгууллага, хуульчдын төлөөлөл оролцсон хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулъя гэж шийдсэн. Долдугаар сарын 1-ээс өмнө ямар нэгэн байдлаар шийдэлд хүрчихсэн байя. Үгүй бол наадам болоход дахиад л хүүхдийн эрх зөрчигдөнө шүү дээ.

-Уяачдын холбоо тэгвэл унаач хүүхдийн эрхийг яаж хамгаалах ёстой юм бэ?

-Уяачдын холбоо энэ асуудлыг ярих гэж байгаа бол унаач хүүхдүүдээс өөрсдөөс нь саналыг нь асуудаг, хүүхдийг оролцуулдаг, хүүхдийг оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил гэхэд л хүүхдүүдийг шөнийн 11 цагт жагсаагаад лайв хийсэн тохиолдол гарсан. Уяачдад өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна шүү дээ. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр Уяачдын холбоо хяналт тавьж, хүүхдийн эрхийг хангах асуудалд хүүхдийн өөрсдийнх нь саналыг сонсвол зөв жишиг болно. Морь унаж байгаа хүүхдүүд хэзээ ч уяачдын, тэр морийг уралдуулж байгаа хүмүүсийнх байдаггүй. Дандаа бусдын хүүхэд байдаг. Одоо дурын хүн дурын хүнээ хөлслөөд дурын хүүхдээр морь унуулдаг болчихсон. УИХ-ын гишүүд, шүүхч нар хүртэл хурдан удмын адуутай байдаг. Эрх мэдэлтэй хүн болгон адуутай холбогдчихсон. Гэтэл тэр хүмүүс адууг нэгт тавьж, мөнгө санхүү гаргахын оронд яагаад хүүхдийн боловсролын асуудалд анхаарч болохгүй гэж. Яагаад унаач хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв байгуулж болохгүй гэж. Хүүхэд уяа сойлго хийж байхдаа 24 цагийн ядаж тавыг нь хичээлдээ зарцуулах орчныг нь бүрдүүлээд өгчхөж яагаад болохгүй гэж.

-Нэгэнт унаач хүүхдийн эрхийн асуудлаар ярилцаж байгаагийнх таниас асуумаар байна. Ер нь Монголчууд хүүхдийн эрхийн талаар хэр ойлголттой байна вэ?

-Яалт ч үгүй хүүхдийн эрхийн асуудал нийгмийн түвшинд ярих гол сэдэв болчхоод байна. Яагаад гэвэл манай боловсролын системд хүүхдийн эрхийн, хүний эрхийн чиглэлийн хичээлүүд маш хомс багтсан байна. Дэлхийн сайн жишгүүдийг харвал хүүхдэд багаас нь “энэ бол чиний орон зай. Энэ бол бусдын орон зай. Чи бусадтай ингэж харьцаж болохгүй” гэж илүү хүн болох талаас нь бэлтгэдэг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдлийг санаатайгаар болон санамсаргүйгээр гаргаж байгаа тохиолдол нь дандаа л мэдлэггүйгээс болж байна. Тэгэхээр бид хүний эрхийн зөрчил гаргаж буй хүнд гэхээс илүү  тогтолцоондоо буруу өгөх ёстой. Яагаад боловсролын систем өөрөө хүний эрхийн мэдрэмж ойлголтыг ийм дутуу дулимаг өгч байгаа юм бэ. Яагаад нийгмийн харилцаа, хүний эрх, хариуцлага гэж юу гэдгийг хүүхдэд ээлтэй, хүүхдэд ойлгогдохоор сонирхолтой туршлагаар, боловсролынхоо арга зүйд оруулж болохгүй гэж. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.