Оюутан Г: Ахмад Н миний хөлийг санаандгүй зүссэн. Түүнийг ажлаас халах гэж буйд санаа зовж байна

Оюутан Г: Ахмад Н миний хөлийг санаандгүй зүссэн. Түүнийг ажлаас халах гэж буйд санаа зовж байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн багш сонсогчийнхоо хөлийг цаасны хутгаар зүсэж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар хохирогч, сонсогч Г хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ талаараа ярьжээ.

Тэрээриний өмдний түрий резиненд татагдаад, гадуур нь гарчихсан байсан. Үүнийг жагсаалын дарга Н хараад, "өмдөө яагаад журмын дагуу өмсөөгүй юм, янзлая" гээд ширээн дээрээ байсан цаасны хутгаар резинийг таслахдаа санаандгүйгээр миний хөлийг зүсчихсэн. Тэр үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Миний хөлнөөс цус гоожиж, намайг түрүүч Г, Л нар болон жагсаалын дарга, ахмад Н, сургуулийн эмч нар авч, эмнэлэг явсан. Эмнэлэг дээр оёдол тавьсан.

Бидний хэн нь ч цагдаад дуудлага өгөөгүй. ГССҮТ-д гэмтэл бэртэлтэй очсон тохиолдол бүрийг эмч нар нь цагдаад мэдэгдэх үүрэгтэй байдаг юм байна лээ. Тэр чиг үүргийнхээ хүрээнд цагдаад дуудлага өгч, манай сургууль дээр цагдаагийн бүрэлдэхүүнтэй шалгалт ирсэн. Сургуулийн дотоод хяналт ч шалгасан.

Ингээд санаатай гэмтэл биш ахуйн хүрээний, санаандгүй үйлдэл гэдгийг тогтоосон. Тухайн үйл явдал болоход 20-иод хүн, бага дарга нар хамт байсан учраас ямар нэг маргаан үүсээгүй, санаандгүй үйл явдал болсныг гэрчилнэ. Хамгийн гол нь энэ үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, сургуулийн зүгээс жагсаалын дарга Н-ыг ажлаас халах асуудал яригдаж байгаад би санаа зовж байна. Н ахмадын тухайд энэ салбарт 25 орчим жил ажилласан, нэг ч сахилгын зөрчил гаргаж байгаагүй хүн юм. Гэтэл нэг удаагийн санаандгүй үйлдлээсээ болоод гуравхан сарын дараа тэтгэвэрт гарах байсан ч тэтгэвэртээ гарч чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна. Н ахмад бага насны дөрвөн хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээж, авч явдаг хүн. Гэтэл ажлаасаа халагдчихвал яах билээ гэдэгт би санаа зовж байна" гэжээ.